logo
Темкагийн төрсөн өдөр ба Монгол төрийн “Хятаджих” бодлого

Темкагийн төрсөн өдөр ба Монгол төрийн “Хятаджих” бодлого

2012/12/07

-Ах аа, 11 сарын 26-нд хичээл амрах болов уу?

-Улс даяар амрахгүй байхаар болсон юм биш үү? Яагаад гэвэл...

-Аан нээрээ, Темкагийн төрсөн өдрөөр амарсан ш дээ.

Хичээлийн амралт дуусаж, хүүхдүүд сургуульдаа цуглахын өмнөх амралтын орой дунд сургуульд сурдаг дүү нар маань хоорондоо ингэж ярихыг сонсуутаа дуугүй өнгөрч чадалгүй “-Алдас болно шүү. Эзэн богд Чингис хаанаа Темка ч гэх шиг” гээд зэмлээдхэв.

Темка гэснээс ер нь эсгий туургатны мандан бадралын бэлгэ тэмдэг, энэ цагийнханд бол идеал болсон тэр аугаа их хүмүүнийг өөрсдийн эгэл ахуйтай хутгаж, эхээс мэндэлснийх нь ойг ч биш, бүр жил болгон төрсөн өдрийг нь тэмдэглэж өгнө гэдэг дэндүү утгагүй хэрэг биш үү гэсэн бодол тэрхэн зуурт төрлөө.

Хэзээнээсээ манай монголчууд төрсөн өдрөө жил бүр тэмдэглэдэг уламжлал байхгүй. Хэзээ, хэнд ийм санаа төрдөг байна аа?
 

Өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн - Хятадын “Өвөг дээдсээ тахих өдөр”

 УИХ-ын чуулганы 11 сарын 8-ны нэгдсэн хуралдаанаар жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн нэгнийг Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр болгон зарлаж, жил бүрийн аргын тооллын өөр өөр өдөр тохиох "Их эзэн Чингис хааны өдөр"-ийг бүх нийтээр амран тэмдэглэхээр болсон. Ер нь Чингис хааны төрсөн өдрийг тэмдэглэх асуудал анхнаасаа түүхчид, эрдэмтэн судлаачид, улс төрийн хүрээнийхний дунд маргаантай сэдэв байсныг энд зориуд дурдах хэрэгтэй. 

Эзэн богд хааныхаа гал голомтыг сахисан улсын хувьд төрсөн өдрийг нь тэмдэглэдэг, бүх нийтээрээ бахархдаг, түүхээ судалдаг, сурталчилдаг өдөр байлгая гэдэг үүднээс ийм санаа анх гаргасан бололтой юм. Ямартай ч шийдвэр гаргагчид Төгс буянтын зурхайн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн Христийн цаг тооллын аль өдөр тохиохоос хамаарч жил бүрийн өөр өөр өдрүүдэд “Темка”-ийн төрсөн өдрийг тэмдэглэж өгч, бусад улс гүрнээс үндэсний бахархлаа хамгаалах юм болсон.

Түүхч Н.Нагаанбуу “Монголын үнэн” сонинд ярилцлага өгөхдөө “Их хаан байтугай эгэл бид, ишиг, хурга ч нэг л өдөр төрдөг. Энэ жил өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн 11 сарын 14-нд, ирэх жил 11 сарын 30-нд, 2015 онд 12 сарын 13-нд таарч байна. Чингис хаан чухам аль өдөр нь төрсөн гэж үзэх вэ?” гэж шүүмжлэнгүй өгүүлсэн байна. Харин сониноос, интернетээр хэсээд сууж байтал, Хятадын шар зурхайн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн нь Хятад үндэстний “Өвөг дээдсээ тахих өдөр” юм байна. Энэ жилийн тэмдэглэлт өдөр нь аргын тооллын 2012 оны 11 сарын 14-нд буюу манай хааны “Энэ жил”-ийн төрсөн өдөртэй нь яв цав давхцаж байх юм. 

Хятадуудын энэ өдөр өвөг дээдсийнхээ булш бунхныг эргэж, газар шороог нь цэвэрлэж, арц хүж, ариун идээ өргөж, цаасан мөнгө, хувцас хунар тэргүүтнийг шатаадаг уламжлалтай юм байна. Тээр жил Хятадын Глобал таймс сонинд “Монголчууд цагаан сараа аль өдөр тэмдэглэхээ мэдэхгүй маргалдсаар байна” нэртэй нийтлэл хэвлэгдэж, жил бүрийн цагаан сар дөхөөд ирэхэд Монголын зурхайчид хоёр талцан, нэг хэсэг нь Түвд зурхайн цаг тооллыг халж Хятад зурхайн тооллыг хэрэглэх нь зүйтэй гэж байхад харин нөгөө хэсэг нь Цагаан сарыг хэрэв Хятад зурхайн тооллоор тооцвол Монгол зурхайн уламжлал, шинжлэх ухаанд дэндүү доромж хандсан явдал болно гэж маргалдаж, эцэст нь Монголын засгийн  газар шийдвэр гаргаж, Монголчууд сая нэг цагаан сараа тэмдэглэх өдрөө тогтсон тухай нүдэнд харагдтал бичиж байсан удаатай.

Ер нь Монголын төр Хятадтай барьцаад ч юмуу эсвэл Хятадад саймшраад ч юмуу заавал яагаад их хааныхаа төрсөн өдрийг хятадын дээдсээ тахих өдөртэй нь давхцуулаад, уламжлалт цаг тоололдоо шар зурхайг нь булааж ашиглах гээд байдаг юм. Энд ямар далд холбоо хамаарал байна аа? Хэрэг явдал ингээд дуусаагүй. Темкагийн төрсөн өдрийн паян цаашид бүр ч нарийн асуудлыг хөндөх болно.
 

Чингисийн онгон Хятадын Хөлань ууланд байгааг Монголын төр хүлээн зөвшөөрлөө

 Их эзэн богд Чингис хааны мэндэлсний түүхт 850 жилийн ойн арга хэмжээний хүрээнд “Чингис хаан ба даяарчлал” нэртэй олон улсын эрдэм шинжилгээний хурал 11 сарын 14-нд Төрийн ордонд болж, МУ-ын ерөнхий сайд хурлыг удирдаж, дотоод гадаадын улс төр, шинжлэх ухаан, соёл урлагийн төлөөлөл болсон 850 хүн хуралд оролцжээ.

Хурлын үеэр “Чингис хаан: намтар, үйл ажиллагаа”, “Чингис хаан ба Монголын эзэнт гүрэн”, “Чингис хаан: өв, уламжлал” гэсэн гурван салбар хурлыг зохион байгуулж, Чингис судлал, Монголын эзэнт гүрэн судлалын хүрээнд дотоод гадаадын эрдэмтэн судлаачид шинэ судалгаа, ололт амжилтаа харилцан хуваалцаж, Чингис хаан, Монголын түүхийг дэлхий нийтэд сурталчлах чухал индэр болно гэж үзсэн байна.

Гэтэл хятадын “Гуанбо” мэдээллийн сайтад сэтгүүлч Лиэнжүнь 11 сарын 29-нд “Чингис хааны бунхан Хөланьшаньд хадгалагдаж буйг Чингис хааны мэндэлсний ойн хурал дээр Монгол улс хүлээн зөвшөөрлөө” нэртэй мэдээ нийтэлжээ.  “Хятадын нэрт түүхч Юйбо тус хуралд урилгаар оролцохдоо Чингис хааны бунхан хятадын Хөланьшаньд байх магадлалтай тухай олон нийтэд зарласан нь Монгол улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Гадаад харилцааны сайд болон Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгчийн гээд бүх түвшний анхаарлыг татсан ба Монголын талаас Хятадын Нинся мужид биечлэн очиж танилцахаар боллоо” гэж мэдээнд дурдсан байна.

Хятадын архелогич Ван Жинвү 40 жилийн малтлага судалгаа, олон арван баримт нотолгоогоор Чингис хааны бунхан Хөлань ууланд байгааг илрүүлсэн тухайгаа энэ оны дундуур нийтэд мэдэгдсэн нь олон орны эрдэмтэдийн сонирхлын төв болоод байсан юм. Харин манай төр засаг, эрдэмтэн судлаачид Чингис хааныхаа мэндэлсэн ойд зориулж сүр дуулиантай зохион байгуулсан олон улсын хурал дээрээ энэ таамаглалыг үг дуугүй хүлээн зөвшөөрсөн нь бидэнд төдийгүй урд хөршийн нөхдүүдэд ч гайхмаар үйлдэл болжээ. 

Эзэн богд Чингис хаан маань “Эцгээс үүдэн эхээс төрсөн эгэл бус золд үүрд баясагтун” хэмээн нэгэнт хэлсэн билээ. Миний мөхөс ухаанд энэ өгүүлбэр буухдаа их хаан маань өөрийгөө чухам л дээд тэнгэрээс заяат, ер бусын хүн гэдгээ баталсан шиг санагддаг юм. “Замба тивд оршин амьдарч 720 төрлийн хэлээр ярьдаг, таван янзын өнгийн улс түмний эзэн болсон” их богд Чингис хаанаараа Монгол түмэн бид бахархан омогших нь зүйн хэрэг мөн. 

Гэвч алт удах тусмаа гялалздаг лугаа адил их хааны минь аугаа их суу алдар цаанаасаа түүхийн нугачаанд бүдгэрэлгүй, он цаг улирах тусам очир эрдэнэ мэт гэрэлтэн, ач буян нь үр хойчисдоо бууж байхад өөрсдийн эгэл ахуйтай хутгаж, төрсөн төөргийг нь төөрүүлж, булш бунхныг нь эрэх хэрэг байна уу? Тэгээд бүр Хятаджуулж уу?

Нийтлэлийг бичсэн: Э.Эрдэнэсувд
Блог: http://erdenesubd.blogspot.com/
2012.12.05
Улаанбаатар хот

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш