logo
20 сая төгрөгийн хадгаламжид төр баталгаа гаргана

20 сая төгрөгийн хадгаламжид төр баталгаа гаргана

2012/12/07
УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Монгол Улсын засгийн газраас өргөн барьсан Хадгаламжийн даатгалын тухай, уг хуулийг дагалдан өргөн мэдүүлсэн хуулиудын хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэрлэлээ.
Улсын Их Хурлаас 2008 онд баталсан Банкин дахь мөнгөн хадгаламжид баталгаа гаргах тухай хууль нь богино хугацаанд банкны үйл ажиллагааг дэмжиж санхүүгийн тогтвортой байдлыг хангасан хямралын үеийн оновчтой шийдэл байсан. Энэ хуулийн хэрэгжих хугацаа дуусаж байгаагаас  гарч болзошгүй аливаа хямралын улмаас төсөвт учруулах дарамтыг бууруулах, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах зорилгоор Хадгаламжийн даатгалын тухай хуулийн төслийг боловсруулсан байна. Хуулиар Хадгаламжийн даатгалын корпораци хэмээх байгуулагыг шинээр бий болгож банкинд хадгаламж эзэмшигчдийн 20 сая хүртэл төгрөгийг тухайн банк заавал даатгаж байх зохицуулалтыг тусгасан байна. Валютын хадгаламжийн хувьд 20 сая төгрөг хүртэл хэмжээгээр нөхөн төлөхөөр төсөлд тусгажээ.
Хадгаламжийн даатгалын байгууллага нь бие даасан хараат бус байж  хадгаламжийн даатгалын хураамж татан төвлөрүүлэх, санд төвлөрсөн хөрөнгийг хуулийн дагуу удирдах, гишүүн банкуудын санхүүгийн эрсдэлийг үнэлэх, даатгалын тохиолдол гарсан үед хадгаламж эзэмшигчдэд нөхөн олговор олгох гэсэн үндсэн үйл ажиллагааг эрхлэх юм. 
УИХ-ын гишүүн Г.Уянга Мөнгөн хадгаламжийн баталгааны хугацааг сунгах ямар шаардлага байгаа талаар асуусан юм. Хууль хэрэгжиж Хадгаламжийн даатгалын корпорацийн үйл ажиллагаа жигдэртэл тодорхой хугацаа орох учраас энэ хугацаанд хуулийн хугацааг сунгах шаардлагатай байгаа гэж  Монгол банкны Тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Жавхлан хариуллаа. Өнөөдөр банкинд хадгаламж эзэмшигчдийн 99 хувь нь 20 сая хүртэл төгрөгийн хуримтлалтай байдаг учраас нийт хадгаламж эзэмшигчдийн ихэнх нь хамгаалагдах юм байна. Хэлэлцүүлгийн үеэр гишүүд хадгаламж эзэмшигчид хадгаламжаа 20 сая төгрөгт тааруулан тараан байршуулах, банкууд даатгалын хураамжийг хариуцсанаар зээлийн хүү нэмэгдэх, нууцлал, итгэлцэл алдагдах эрсдэлийг сайтар тооцоолох, корпорацийн бие даасан байдлыг хангахад анхаарах, даатгалын санд хуримтлагдсан хөрөнгийг өөр зүйлд  эх үүсвэр болгохоос сэргийлэх зэрэг зохицуулалтад анхаарахыг сануулсан юм.
Өндөр хадгаламж эзэмшигчдийн эрсдэлийг багасгахын тулд арилжааны даатгалын өөр арга замын ашиглах боломж байгааг төсөл санаачлагчид хэлж байлаа.
Хадгаламжийн даатгалын тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн гишүүдийн 74 хувь дэмжлээ.
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш