logo
Монголчууд хүнсний бүтээгдэхүүнийхээ 70 хувийг импортоор авч байна

Монголчууд хүнсний бүтээгдэхүүнийхээ 70 хувийг импортоор авч байна

2012/12/07
Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн төслийг өчигдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ. Уг хуулийн төсөлд хүнсний зориулалтаар хувиргасан амьд организмын гаралтай таримал ургамлыг тариалах болон мал амьтан өсгөн үржүүлэхийг хориглох, хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нь харьяалах нутаг дэвсгэр дэх хүнсний хяналт хэрэгжүүлэх төрийн байгууллагад мэдээлж, бүртгүүлсний дараагаар үйл ажиллагаагаа эрхлэх, хүнсний түүхий эд бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах, хүнсний бүтээгдэхүүнд эрсдэлийн үнэлгээ хийх, үндэсний лавлагаа лабораторийг хүнсний хяналтыг хэрэгжүүлэх төрийн захиргааны байгууллагын дэргэд ажиллуулах, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаанд тавих төрийн хяналтыг сайжруулах зэрэг хэд хэдэн асуудлыг хамруулжээ.
Мөн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний багцалсан болон жижиглэн савласан сав, баглаа боодол дээрх шошгыг тухайн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгч болон худалдаа эрхлэгч хариуцахаар төсөлд тусгасан байна. Түүнчлэн хүнсний шошгод агуулагдах нэмэлт мэдээллийг олон улсын болон үндэсний техникийн зохицуулалт, стандартаар зохицуулж болох заалтыг оруулах эсэх талаар гишүүд саналаа илэрхийлэв.
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун,  Хувиргасан амьд организм буюу генийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүний хэрэглээг зогсоох хэрэгтэй. Энэ талын асуудлыг хуульд нарийн тусгах ёстой гэсэн байр суурьтай байсан бол УИХ-ын гишүүн Ж.Батзандан, “Хүнсний үйлдвэрлэл, импортыг төр мэдэлдээ авахгүй бол хүнсний аюулгүй байдлын талаар ярих хэрэггүй. Бид хүнсийн бүтээгдэхүүнийхээ 70-80 орчим хувийг гаднаас авч байна. Тодруулбал, сүүний 80, цөцгийн тосны хэрэгцээгээ 100, өндөгний 70 орчим хувийг импортоор авч байна. Энэ хуулинд концевцийн томоохон өөрчлөлт ороогүй байна. Хүнсний аюулгүй байдал нь Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яригдах асуудал. Гэтэл өнөөдөр манайхан бүгдийг гадныханд атгуулчихсан. Япон, Сингапураас туршлага судлах хэрэгтэй. Жишээлбэл, Хүнсний үйлдвэрүүдийн хувьцааны 51 хувь үндсэний оролцоотой, үйлдвэрүүдийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн мөн 51 хувь нь тухайн улсын иргэн байх тухай хуулиндаа заасан байдаг. Энэ жишгийг дагах хэрэгтэй” хэмээв.
Түүнчлэн УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Хүнсний бүтээгдэхүүний тээвэрлэлт чухал. Хуулинд хувийн хэвшлийнхэнд тооцох хариуцлага тусгагдсан байна. Төрийн албан хаагчдад ямар хариуцлага тооцох вэ? Гаалийн байцаагчаас болж тээвэрлэлт саатаж, алдаа гарвал яах вэ?,  хүнсний бүтээгдэхүүний эрсдлийн үнэлгээ, лабораторийн асуудлыг хэрхэн тусгасан талаар асуув. Хүний эрүүл мэнд цаашлаад  амь настай холбоотой асуудал учраас эрсдлийн үнэлгээг эрдэм шинжилгээ, судалгаанд суурилж хийнэ. Хариуцлагын тухайд хувь, төр гэлтгүй бүгд ижил хариуцлага хүлээнэ гэдгийг ажлын хэсгийнхэн хэллээ.
Ингээд ажлын хэсгийн гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй 47 саналын дагуу санал хураалт явуулсны дараа эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш