logo
Монголын фэнүүдтэйгээ уулзах

Монголын фэнүүдтэйгээ уулзах "MLTR" хамтлагийн тоглолтод амжилт хүслээ

2012/12/08

Дэлхийн амьд хөгжмийн ертөнцөд алдарт хит бүтээлүүдээрээ домог болсон "Michael Learns to rock" хамтлаг Азийн орнуудад хийж буй аялан тоглолтоо Улаанбаатар хотод өндөрлүүлэхээр эх оронд маань ирээд байгаа билээ.

Улаанбаатарт зохион байгуулах тоглолтынх нь өмнө УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг хамтлагийн гишүүдийг хүлээн авч уулзлаа. Монголын залуучууд дэлхийн хөгжмийн соёлоос алхам ч хоцрохгүйгээр шинэ мэдээлэл бүрийг хүлээн авч, хит бүтээлүүдийг нь шимтэн сонсдогийг тэрбээр ярианыхаа эхэнд тодотгоод, 30 хэмийн халуун Индонезээс 30 хэмийн хүйтэн Монголд ирсэн энэ эрс тэс нөхцөлд дасч байгаа эсэхийг нь асууж, эх оронд маань тухтай зочлон саатахыг урилаа.

Мөн энэ үеэр эх орныхоо байгаль цаг уур, түүх соёл, ард түмний зан сэтгэлгээ болон Монголын ардчиллын хөгжил, шинээр байгуулагдсан Засгийн газрын зарим онцлох үйл ажиллагааны талаар хамтлагийн уран бүтээлчидтэй нөхөрсөг яриа өрнүүллээ. Уулзалтын төгсгөлд Монголын фэнүүдтэйгээ уулзах тоглолтод нь амжилт хүсч, Монголын соёл уламжлалыг илтгэх дурсгалын зүйл гардуулсан юм.

“Micheal learns to rock” хамтлаг Балба, Дани, Индонез, Хятад, Тайланд, Малайз, Финлянд, Хонконг, Энэтхэг, Япон, Сингапур, Тайвань, Өмнөд Африк, Швейцарь, Бангладеш, Арабын Нэгдсэн Эмират Улс, Вьетнам, Камбожи, Норвеги, Өмнөд Солонгос, Шри Ланк, Швед, Испани, Финлянд, Герман, Их Британи зэрэг нийт 21 орноор аялан тоглолтоо хийсэн байна.Улаанбаатар хотноо хоёр үдэш тоглолтоо хийснээр тус хамтлагийн “Asia tour-2012”аялан тоглолт өндөрлөх юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш