Цаг агаарын нөхцөл байдал хүндэрч, сүүлийн өдрүүдэд олон жилийн дунджаас эрс хүйтрэх төлөвтэй байгаа тул Нийслэлийн Удирдлагын зөвлөл хуралдаж, Улаанбаатар хотын дулаан болон цахилгаан хангамжийн найдвартай ажиллагааг хангах, цаашид анхаарах асуудлын талаар хэлэлцлээ.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал 2012-2013 онд өвөлжилтийн явцад гарч буй хүндрэл бэрхшээлийн талаар товч мэдээлэл хийлээ. Өвөлжилтийн бэлтгэл хангуулах ажлын хүрээнд Нийслэлийн Засаг даргын 2012 оны 05 дугаар 09-ны А/309 тоот захирамжийн дагуу 2012-2013 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг инженерийн шугам сүлжээ, авто зам, тохижилтын ажлын нэгдсэн төлөвлөгөөтөй уялдуулан хангуулж ажилласан байна. Түүнчлэн нийслэлийн өвөлжилтийн комиссын өргөтгөсөн хурлаар зуны их болон урсгал засвар, хөрөнгө оруулалтын ажлын явцыг хэлэлцэж удаашралтай, бэрхшээлтэй байгаа асуудлыг шийдвэрлэх төлөвлөгөө боловсруулж, хугацаатай үүрэг даалгаврыг өгчээ. Энэ тухайгаа Нийсэлийн ИТХ-ын Тэргүүлэгдэд танилцуулжээ. Энэ жил хотын дулааны төв шугамд хийхээр төлөвлөж байсан ажлуудаас улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжихээр төлөвлөгдөж Эрчим хүчний газраас тендер нь зарлагдсан 2г,д магистраль, даралт өргөх насос станц 3-ын өргөтгөл шинэчлэлтийн ажлууд он дамжиж хийгдэхээр хойшлогдсон байна. Халаалтын улирал эхлэснээс хойш хэдэн хэдэн хэсэгт гэмтэл гарснаас зарим айл өрхийн дулааны хангамж муудсан гэдгийг тэрээр хэллээ. Тухайлбал, дулааны ДЦС-4 ХК-ийн 1-р өргөлтийн насос станцад гал гарсанаас ПСН зогсож сүлжээний даралт унасан, Ургах наран хорооллын 2-р халаалтын зуухны ул ширэм эвдэрсэн тул 1-р халаалтын зуухыг засварлаж залгасан, УС-15 ын 2 дугаар хэлхээний хог шүүгч бөглөрсөнийг хэвийн болгосон, хотын зүүн хэсгийг хангадаг сүлжээний даралт өргөх насос №3-ын перемичка шугам дээр гэмтэл гарсаныг засварлаж сүлжээг залгажээ. Харин цахилгааны хувьд сүүлийн гурван сард, Туул дэд станц дээр гэмтэл гарч 13,16, Баянмонгол хороолол цахилгаан тасарсан, Баянхошуу, Зүүн салаа орчмыг хангадаг цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуур солих ажил хийгдсэнээс цахилгаан удаан хугацаагаар тасарсан, ОХУ-д гэмтэл гарсанаас шалтгаалж импортын урсгалгүй болж Хан-уул, Сонгинохайрхан, Баганүүр дүүргүүдэд хязгаарлалт хийсэн, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах “Сод Монгол” ШТС-ийн хажууд РП-1-ийн кабель гэмтсэн, Дамбадаржаагийн хуучин эцэст газар шорооны ажил хийж байсан компани кабель тасалсан зэрэг гэмтэл саатал гарсан гэлээ.
Дулааны Сүлжээ ХК-ийн захирал Р.Хайдав, энэ сарын 5-ны өдөр тус компанийн даралт өргөх насосны 3 дугаар станцад гарсан гэмтэлтэй холбоотой мэдээллийг удирдлагуудад өглөө. Гэтмэл гарсан даруйд ажлын хэсэг газар дээр нь очиж гэмтлийг тодорхойлож, насосыг зогсоосон байна. Улмаар аваарийн үед ажиллах горим ажиллагааны хөтөлбөр боловсруулж, хэрэглэгч байгууллагуудад мэдэгдэж тоноголын хэвийн ажиллагааг хангах тухай мэдээлэл өгчээ. Сүлжээний усны халуун 120°С, даралт 8.8 ата учраас ажил хийхэд хүндрэлтэй байсан тул шугам таслаж хийхээр шийдвэрлэж, сэлгэн залгалт таслалтын ажлыг хийсэн байна. Гэмтлийг засах ажил 04:30 цагт дуусжээ. Гэмтэл засварлах ажилд шугам хоолойн 19 слесарь, 7 жолооч, 8 цахилгаанчин нийт 34 хүн оролцсон гэж тэрээр танилцууллаа. Мөн тэрээр, дулааны шугамын хамгаалалтын зурваст барилга байгууламж маш ихээр баригдаж байна. Одоогийн байдлаар 307 барилга дулааны шугамын хамгаалалтын зурваст баригдсан гэж хэллээ. Энэ нь аваарь, гэмтлийн үед шуурхай ажиллах нөхцөл боломжийг хязгаарлаж байгаа юм байна. Түүнчлэн, Засаг даргын Захирамжийн дагуу, зөвшөөрөлгүй баригдсан барилгуудыг дулаан цахилгаанаар хангахгүй байгаа ч, хэд хэдэн барилга нууцаар, зөвшөөрөлгүйгээр дулаан ашиглаж байна. Үүнээс болж доголдол үүсэж байна гэв.
Цахилгааны кабелийг гэмтээвэл гарах зардлыг буруутай этгээд хариуцна
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ХК-ийн захирал С.Төмөрхүү, Нийслэл хотын цахилгаан хангамжийн 2012-2013 оны өвлийн их ачааллыг амжилттай давахад авч хэрэгжүүлж буй ажил болон тулгарч буй асуудлуудын талаар товч танилцууллаа. Улаанбаатарын цахилгаан ачаалал 11–р сарын байдлаар 410 мВт ачаалалтай байгаа юм байна. 2012 онд их засвар, техник зохион байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлаар нийт 38 нэр төрлийн 2.59 тэрбум төгрөгийн ажил хийж, үүний үр дүнд 2011-2012 оны өвөл хэт ачаалагдаж байсан 35 кВ-ын 2 трансформатор, 6(10)кВ-ын 97 дэд станцийн хүчин чадлыг нэмэгдүүлсэн байна. Одоогийн байдлаар 35 кВ-ын 2 дэд станц хэт ачаалалтай, 5 дэд станц их ачаалалтай, 5(10)-ийн дэд станцийн 188 трансформатор 80-аас дээш хувийн ачаалалтай ажиллаж байгаа юм байна. 100 ба түүнээс дээш ачаалалтай 50, 90-100 хувийн ачаалалтай 57, 80-90 хувийн ачаалалтай 81 дэд станц байна гэж танилцууллаа. Одоо нэн яаралтай шийдвэрлэх ёстой 90-ээс 100 хүртэл хувийн ачаалалтай 57 трансформаторт, 400 кВА-ын 10 кВ-ын трансформатор 20 ширхэгийг шинээр авахад 380 сая төгрөг, шугамын утас авахад 195 сая төгрөг нийт 575 сая төгрөг шаардлагатай байна гэв. Харин эдгээр 57 дэд станцийг шинэчлэх асуудлаар салбарын яам ямар нэг байдлаар төсөв шийдээгүй гэлээ. Газар шорооны ажил хийх үед цахилгаан кабелийг гэмтээх явдал их байна. Энэ нь хөрөнгийн болон, зардлын асар их хохирлыг учруулдаг гэдийг ч тэрээр онцлон хэллээ.
Нийслэлийн Засаг дарга, газар шорооны ажил хийх явцдаа цахилгааны кабел утсыг гэмтээсэн этгээдэд хуулийн ямар хариуцлага тооцдог болохыг тодруулахад, бид холбогдох журмын дагуу акт дүгнэлтээ гаргаж, цахилгааны кабель тасарсанаас гарсан хохирлыг буруутай этгээдээр төлүүлж байна. Гэхдээ зарим үед шүүхийн шийдвэрээр асуудлыг шийдвэрлэх үе ч байдаг гэв. Нийслэлийн Засаг дарга Э.Бат-үүл, өвөлжилтийн бэлтгэл хангах тухай Захирамж гаргаж, албан даалгавар өгөх үед, цахилгаан, дулааны хүрээнд өвөлжилтөнд бэлэн, шаардлагатай ажлуудыг хийсэн гэж хэлж байсан. Харин ид хүйтний үеэр гэнэтийн зайлшгүй шийдэх асуудлууд гарч ирлээ гэж байгаа нь урдчилан сэргийлэх чиглэлээр ямар нэг бэлтгэл ажил хийгээгүйг харуулж байна гэж би ойлгож байна. Тиймээс, цаашдаа дулаан болон цахилгаан ханамжийг тасалдуулахгүй байх тал дээр онцгой анхаарч, урдчилан сэргийлэх чиглэлээр томоохон ажлуудыг хийх нь чухал гэлээ.
Удирдалгын зөвлөл эдгээр асуудлуудыг хэлэлцээд, гадаа эрс хүйтэрч, олон жилийн дунджаас хүйтэн байх төлөвтэй байгаа тул дулаан цахилгаан, хот нийтийн аж ахуйн үйлчилгээ үзүүлж буй байгууллагууд өнөөдрөөс эхлэн 2013 оны 3 сар хүртэл өндөржүүлсэн бэлэн байдал тогтоож ажиллах тухай Нийслэлийн Засаг даргын Захирамж гаргахаар тогтлоо. Мөн, өвлийн ид ачааллын хугацаанд хүн хүч сэлбэг тоног төхөөрөмж, санхүүгийн нөөцийг бүрдүүлж байнгийн бэлэн байдалд байх, зохион байгуулалтын арга хэмжээ авах, болзошгүй аваарь, зогсолт саатлын үед ажиллах төлөвлөгөөг боловсруулан Улаанбаатар хотын ерөнхий менежерээр батлуулж, мөрдөхийг инженерийн хангамжийн дарга захирал нарт даалгалаа. Зайлшгүй шинэчлэх, өргөтгөх шаардлагатай цахилгааны дэд станцад шаардагдах хөрөнгө оруулалтын нарийвчилсан тооцоог Засгийн газар болон, Эрчим хүчний яам, НИТХ, Нийслэлийн Засаг даргад танилцуулж, шийдвэрлүүлэхийг Улаанбаатар хотын Ерөнхий менежерт үүрэг болголоо. Түүнчлэн цахилгаан дулааныг хууль бусаар зөвшөөрөлгүй хэрэглэж байгаа явдлыг таслан зогсоохыг холбогдох албаныханд санууллаа.Мөн шаардлагатай тохиолдолд бага сургуулийн сурагчдийг ид хүйтэний үеэр амраах асуудлыг судлаж, холбогдох яамтай нь зөвшилцөх хэрэгтэй гээд, энэ асуудлыг судлан шийдвэрлэхийг Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ц.Баатархүүд үүрэг болголоо гэж Нийслэлийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.