logo
Ерөнхийлөгчийн Тамгын газар МҮЭ-ийн холбоотой хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурав

Ерөнхийлөгчийн Тамгын газар МҮЭ-ийн холбоотой хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурав

2012/12/08

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбооны ерөнхий зөвлөлийн ажлын алба хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах ёслол өнөөдөр төрийн ордонд боллоо.


Хамтран ажиллах санамж бичигт Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Б.Нэргүй, МҮЭ-ийн холбооны дэд ерөнхийлөгч Х.Амгаланбаатар нар гарын үсэг зурав.
Энэхүү хамтын ажиллагаа нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрх, үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд олон нийт, иргэд, хөдөлмөрчид, үйлдвэрчний эвлэлийн гишүүдийн оролцоог нэмэгдүүлэх, иргэдийн амьжиргаа, нийгмийн хамгааллыг дээшлүүлэх, хөдөлмөрийн харилцааны хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох, нийгмийн түншлэлийг хөгжүүлэх зорилготой юм. Энэ хүрээнд хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудлаар “Иргэний танхим”-тай хамтарсан нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулах, төсвийн хууль тогтоомжийн хэрэгжилт, ил тод байдлыг хангах, төсөвт иргэд, Үйлдвэрчний Эвлэлийн оролцоо, хяналтыг нэмэгдүүлэх, олон улсын банк, санхүүгийн байгууллагын зээл, тусламж, хамтарсан төсөл, хөтөлбөрт хөдөлмөрийн харилцааны хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахад тулгамдаж байгаа асуудлаар Ерөнхийлөгчийн ивээл дор "Үндэсний чуулга уулзалт" зохион байгуулах, хөдөлмөр, нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлаар Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх, шаардлагатай тохиолдолд хуульд хориг тавих, санал солилцох уулзалтыг зохион байгуулах зэргээр хамтран ажиллана.
Гарын үсэг зурах ёслолд УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Ерөнхийлөгчийн олон нийтийн харилцаа, нийтлэг бодлогын зөвлөх А.Ганбаатар, Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Г.Адьяа нар оролцлоо.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш