Засгийн газрын ээлжит хуралдаан 2012 оны 12 дугаар сарын 8-ны бямба гаригт болж, хориод асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнээс:
- Энэ сарын 19-21-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо болох Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын XVI хуралдааны үеэр Монголын талын төлөөлөгчдийн баримтлах удирдамжийг зөвшөөрлөө. Хуралдаанд оролцох манай төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг тус комиссын Монголын хэсгийн дарга Д.Тэрбишдагва батлах юм.
- Өнгөрсөн онд батлагдсан Цахим гарын үсгийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах талаар авах арга хэмжээний нэг болох “Нийтийн түлхүүрийн дэд бүтэц байгуулах төсөл”-ийн тухай Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Уг асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулахаар тогтлоо.
- Улаанбаатар хотын гэр хорооллын ачаалал өндөртэй дэд станцуудын ачааллыг бууруулахад шаардлагатай трансформатор, бүрээстэй утас худалдан авахад зориулж 555 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэлээ.
- Улсын төсвийн хөрөнгө оруулалтын санхүүжилтийг Төсвийн ерөнхийлөн захирагч нар дараа жилийн 3 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд зарцуулах эрхтэй учир 2012 онд багтаан санхүүжилт авахын тулд хийгдээгүй ажилд урьдчилан гүйцэтгэл бичих зөрчил гаргахгүй ажиллах шаардлагатай талаар Сангийн сайд Ч.Улаан Засгийн газрын гишүүдэд танилцуулав. Үүнтэй холбогдуулан улсын төсвийн хөрөнгө оруулалтын санхүүжилтийг хуулиар тогтоосон дээрх хугацаа хүртэл олгож, гүйцэтгэлийг танилцуулахыг Сангийн сайд Ч.Улаанд даалгалаа.
- Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга Я.Чойжамцыг чөлөөлж, Загдсүрэнгийн Болдбаатарыг БХЯ-ны ТНБД-ын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилов. Мөн ИНЕГ-ын даргын үүрэгт ажлаас С.Батмөнхийг чөлөөлж, Сэнгээгийн Буяндалайг томиллоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.