logo
“Махны зоорь”-нд MLTR-тэй хамт...

“Махны зоорь”-нд MLTR-тэй хамт...

2012/12/10
Манай залууст гадаадын хамтлаг, дуучид “Монголд ирнэ” гэдэг үг үлгэртэй ижил сонсогддог болчихоод байсан юм. Үндсэндээ” Ирмүүн”-ийхэн “Космополитан” сэтгүүлийн Монгол дахь салбарын нээлтэнд “Николь Шерцингерийг яг авчирна” гэж хулхидсанаас хойш. Удаах хулхидалт нь мэдээж “Таркан ирнэ” гэх сенсаац. Дараа нь “алдарт Пит Бул ирнэ” гэх бор шувуу сонгуультай жинхэнэ өндрөө авч байлаа, өнгөрсөн зун. Гэвч өнөөх дууны дахилтаар од болсон нөхөр бадгийг нь дуулдаг ододтой хамт ирэх болчихоод байсан юм байх. Тэрхүү нүсэр багийг авчирдаг хөрөнгө одоогоор Монголчуудын халаасанд байхгүйгээс хэсэг зуурын цуу болоод өнгөрсөн гэсэн. Түүнээс хойш дэлхийн “од” хамтлаг Монголд ирээд, “хүй” нэгдлийн үеийн тайзан дээр тоглож, манийгаа кайф авахуулаад буцна гэдэгт итгэж чадахаа байчихсан байсан юм. Харин өнгөрсөн амралтын өдрүүдээр Филлип Киркоровын тоглолтоос хойш авч амжаагүй байсан тэрхүү мэдрэмж эргэн сэргэсэн юм. Өөрөөр хэлбэл, “EVENTO” компани санаачилан, Монголын Залуучуудын Холбоо ерөнхий зохион байгуулагчаар нь ажиллаж, Данийн алдарт MLTR хамтлагийг Монголд авчирч, хоёр орой тоглуулаад буцаав.

1990-ээд онд дэлхийн амьд хөгжмийн ертөнцөд ноёрхож байсан “Take me to your heart”, “Paint my love”, “Sleeping child” зэрэг алдарт хит дуу нь Монголчуудын зүрх сэтгэлд хоногшсон “Michael Learns to Rock” хамтлагийнхан хоёр үдшийг хорин жилдээ мартахааргүйгээр тамгалж өгөөд явлаа.
Зохион байгуулагчид хамтлагийн тоглолтын билетийг цахим картын хэлбэрт шилжүүлсэн нь онцлууштайн дээр EVENTO компаний зохион байгуулах дараагийн тоглолтыг хямдралтай үзэх боломжийг тэрхүү картаар нээсэн нь баярлууштай хэрэг байв. Дараагийн удаа ч гэсэн хэн нэгэн одыг авчирч, Монголчуудаа баясгах нь баталгаатай болж байгаа юм чинь. Түүнчлэн тоглолтын карт суудлын зэрэглэлээс хамаарч 40, 60, 80 мянган төгрөгөөр худалдаалагдсан ч 80 мянгынх нь хамгийн түрүүнд дууссан гэсэн. Товчхондоо “MLTR”-ийн фенүүд нь 30-40 насны төлбөрийн чадвартай, доргивол доргидог, дундаж давхрагийнхан байсан гэхэд болно. Тиймээс ч тав тухаа бодон үнэ хайрлалгүй сонголтоо хийсэн нь нотлогдоно.  Тоглолтын дундуур худалдаалагдах ягаан ногоон гэрлээр инээж буй хүүхдийн тоглоом 5000 төгрөгөөс 2500 болтлоо үнэ нь унасан ч олигтой зарагдаагүй нь чанарлаг, намбалаг үзэгчид тийм зүйлээс кайф авах бус ухаалаг гар утсаараа даллах нь зугаатай байснаас тэр байх.
MLTR хамтлаг Азид хийх аялан тоглолтынхоо сүүлийг манай оронд хийсэн. Тиймдээ ч агаарын өртөг нэхэж, дээд зэрэглэлийн хангалт шаардаагүй, нэгжийн үнээ 100 доллараар үнэлдэг ч бидэнд 40 орчим доллараар түгээсэн аж. 

Тэдний эхний өдрийн тоглолт 20 цагт эхэлсэн нь назгай, хэнэггүй Монголчууд суудлаа эзлэж өгөхгүй байснаас тэр. Хоёр цагийн турш үргэжилсэн тоглолт эхлэл үедээ намуухан, дундуураа сэргэж, төгсгөлдөө оргилдоо хүрсэн. Хамгийн гол нь бид чинь шүтдэг, сонсдог хамтлагийнхаа дууны үгийг Битльзийн дуунууд шиг цээжлээгүй байдаг юм билээ. Гэсэн ч үгийг нь мэдэхгүй хэсэгтээ даган аялж, танидаг хэсэгтээ шавайгаа ханатлаа дуулцгаасан Монголын залууст жихүүн өвлийн үдшийг халуухан өнгөрөөсөн  MLTR хамтлагийнхан баярласан сэтгэлээ даруухан илэрхийлсэн. 
Дэлхий даяар цомог нь 11 сая хувиар борлогдсон, мэргэжлийн олон шагналын эзэн, гайхамшигт MLTR-ийн монголчуудтай хамт ийнхүү хоёр үдэш саатлаа.
   MLTR хамтлагийн тоглолтын үеэр бодогдсон зүйлээ дашрамд хуваалцъя гэж бодлоо. Тус хамтлагийн тоглолт мэдээж Монголдоо цор ганц UB palace-ын концертын их танхимд болсон. Харин энэ танхим тоглолтын танхим гэхээсээ илүү махан зоорь шиг сэтгэгдлийг зорьсон хэн бүхэнд мэдрүүлнэ. Гарцаагүй байдлаас л сонголтонд орсноос бус олон удаа зорьж хүсэх газар биш л дээ. Алдартай хамтлаг өндөр шалгуур, шаардлагынхаа ачаар хөгжмийн дуугаралт, гэрэлтүүлэг нь төгс байсан.  Дан цамцтай тэдний өөдөөс нэхий дах болсон үзэгчид нь тух муутайхан ч дурандаа даган баясч байгааг анзаарсан MLTR хамтлагийнхан “Бид Монголд зун ирсэн бол илүү халуухан байх байсан уу” гэх асуулт хэлбэртэй үгсийг унагаж байсан. Нөгөө талаар дуртай хамтлаг дуучныхаа тоглолтыг үзэхийн төлөө бага бус мөнгө төлөөд орж ирсэн үзэгчдэд тоглолтын орчин, тайз, суух сандал бүхий танхим ч ая тухтай байх ёстой. Тодруулбал, билетний өртөгт тэр бүхэн шингэсэн байж таарна. Тэгвэл бид яагаад MLTR хамтлагийн тоглолтыг малгай, бээлийтэйгээ, гадуур хувцастайгаа хавчиган байж таашаах ёстой гэж. Тиймдээ ч энэ байдалд UB palace-ын боссууд дүгнэлт хийж, нэгийг бодох цаг хэдийн болоод өнгөрсөн байна гээд илүү үг биччихэд гэмгүй болов уу. Нөгөөтэйгүүр UB palace-д өрсөлдөгч хэрэгтэй болчихоод байгаад шийдвэр гаргах боломжтой, урлагт элэгтэй хүмүүст сануулчихад гэмгүй болов уу. Юутай ч  MLTR хамтлагийнхантай  мартагдахааргүй, харамсмааргүй сайхан үдшүүдийг үдсэн бид азтай Монгол. Харин энэ цуутай хамтлагийн тоглолтыг эх орондоо “амьд”-аар нь үзэх боломж олгосон EVENTO компанийн хамт олон, Монголын залуучуудын холбооныхондоо болон бусад албан байгууллага, хүмүүст чин сэтгэлээсээ талархсанаа илэрхийлье.
Ш.Булга 
www.shuum.mn


 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш