Баян хүний хүүхэд л гэхээр юу ч хийж болдог болчихож, өнөө үед. Баячуудын хүүхдүүд нийлж “Монголыг аваръя” нэр клуб хүртэл байгуулж давхисан гэж байгаа. Хэнээс ч Монголыг аврах гээд байгаа юм, бүү мэд. Бодвол хайр сэтгэлээрээ биш эд хөрөнгөөрөө нийлж, сууж байя гэсэн уриа дэвшүүлж, клуб байгуулж байгаа юм байлгүй. Нэртэйгээр нь “Монголоо аваръя” биш “Монголын баялгийг улам идэж, цөөхүүлээ баяжихын төлөө урагшаа” гэдэг нэртэй клуб байгуулмаар юм. Ингээд хэлэхээр, баячуудыг үзэн ядлаа энэ тэр гэж “донгосох” нөхдүүд захаас аваад дүүрэн. Тэр баячууд чинь баялаг бүтээж байгаа юм гэх зэргээр уран донгодно. Бараг л энэ хэдэн баячууд байхгүй бол Монгол Улс сөнөнө гэж “хуцах” л дутуу байна. Гэтэл өнөөдөр баяндаа, хөрөнгөтэйдээ эрдэж, хүний эрхийг уландаа гишгэж байгаа хүн олон байна. Тэр дундаа толгой баячуудын гээд байгаа цөөн хэдэн хүмүүсийн хүүхдүүд хүн ёсоо гээж, мөнгө байхад бүх дэлхийг хөлөн дороо гишгэх юм шиг санаж явна. Уг нь баян хүний хүүхэд боловсролтой, тэр хэрээрээ ухамсартай байх ёстой юм шиг санагддаг. Гэтэл яг үнэн хэрэг дээрээ огт өөр. Тэд Монголд байгаа бүх л муу муухайг үүсгэж, дэлгэрүүлж байна гээд хэлчихвэл буруудах юмгүй. Хамгийн наад захын жишээ хар тамхи.
Нэгэн цагт манай улс хар тамхины гол дамжуулагч бааз гэгдэж байлаа. Бас ч гэж танагтай байсан гэсэн үг. Харин одоо бол хэрэглэгч орон болчихсон. Бүр хар тамхины мафи хүртэл байгуулагдсан талаар жиг жуг гэлцэх боллоо. 2010 онд нийслэлийн Засаг даргын Тамгын газрын санхүүжилтээр хар тамхи, мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэгийнхэн нийслэлийн 22 дугаар дунд сургууль, 12 дээд сургуулийн 2000 хүүхдийн дунд судалгаа хийхэд 54 хүүхэд хар тамхи хэрэглэж үзсэн нь тогтоогдсон байдаг. Тэдгээрийн 36 нь каннабис, 18 хүүхэд нь экстас хэрэглэж үзсэн гэдэг дүн гарч байлаа. Хамгийн гол нь хар тамхи, мансууруулах бодис хэрэглэгчид нь голдуу баян айлын хүүхэд залуус байсан гэсэн судалгаа гарсан шүү дээ. Дээр дурьдсан тоо баримт ч гэсэн эцсийн дүндээ баян айлын хүүхэд мансууруулах бодис хэрэглэж үзсэн байна гэсэн дүгнэлтэд хүрсэн байдаг. Дахиад өөр нэг судалгаа байна. Манай улсад албан ёсны тоогоор 2000 орчим мансуурагч байгаагаас 1500 орчим нь баян, чинээлэг айлын хүүхдүүд, харин үлдсэн нь биеэ үнэлэгчид байна гэсэн судалгаа шүү. Нэг үгээр, хэлбэл хөрөнгөлөг, чинээлэг айлын хүүхдүүд хар тамхины мафийг санхүүжүүлдэг гэхэд болно. Гол худалдан авагч нь учраас. Энэ бол баячуудын хүүхдүүд ямар том гай тарьж байгаагийн зөвхөн нэг л хэлбэр.
Нөгөө хар тамхины гол хэрэглэгч болчихоод байгаа баячуудын хүүхэд чинь одоо хүний амиар тоглох гэж байна. Бүр хийх юмаа олж ядаад, аргаа барахдаа хүн алж тоглохоор шийдсэн юм байлгүй. Ингэж хэлж байгаа нь бас учиртай. Саяхан нэг танил маань Хэнтий явж л дээ. Эхнэр хүүхдээ аваад ээж, аав дээрээ очих гээд, далимд нь хотын утаанаас салж, цэвэр агаар амьсгалах санаатай явахгүй юу даа. Гэтэл Хэнтий рүү дөхөж явах үед нь олон тэгээр эхэлсэн дугаартай том жийптэй залуус тааралдаж, нэг урд нь, нэг хойно нь ороод хэрээд байж. Манай хүн ч эхэндээ нэг их тоогоогүй гэсэн. Хэдэн согтуу залуус дөвчигнөж байгаа биз гэж санаад. Гэтэл өнөөх залуус бүр давраад, машиныг нь шүргэж, мөргөх шахсан гэнэ ээ. Тэгэхээр нь найз маань айхдаа цагдаа руу утасдаж. Азаар сүлжээ барьдаг газар явж таарсан болохоор тэр. Утасдахдаа машиных нь дугаарыг хэлж, хэдэн согтуу залуу шахаж, мөргөөд байна гэж л дээ. Гэтэл хэсэг хугацааны дараа цагдаагаас утасдаад “Та нар зүгээр тэгсгээд явчих тэгэх үү. Наадуул чинь томчуудын хүүхэд юм байна. Би яаж ч чадахгүй. Тэгээд ч наад залуучууд чинь зүгээр тоглосон юм гэж байна” гэсэн аж.
Том жийп уначихаад, замаар явж байгаа машиныг шүргэж, мөргөж тоглоно гэдэг чинь одоо юу гэсэн үг вэ. Хэрвээ нэг шүргэхэд нь сандраад замын хажуу руу дарчихвал яана. Бүхэл бүтэн гэр бүл бэртэж гэмтэж, цаашлаад амь насаа ч алдаж болох. Үүнээс үзвэл баячуудын хүүхдүүд хийх юмаа олж ядахдаа хүний амь нас, эрүүл мэндээр тоглож эхэлснээс ялгаа юун. Хэрвээ энэ тохиолдолд тухайн залуус өөрсдөө машинтайгаа онхолдож, эрүүл мэнд, амь насаараа хохирвол зүгээр явж байсан найзыг маань буруутгаж, шоронд хатаана гээд л дайрна биз, тэр баячууд. За яах вэ, баян хүний хүүхдүүд юугаа хийх нь хувь хүний асуудал. Тэд хар тамхиа татаж, хотын зам дээр үнэтэй машинаар уралдаж, онхолдож байна л биз. Архи ууж, агсан тавьж, зодоон цохионоо хийнэ л биз. Элдэв нэртэй клуб байгуулна л биз. Гэхдээ хүний амь нас, эрүүл мэндээр тоглох эрх тэдэнд байх ёсгүй. Гэр бүл, үр хүүхэдтэйгээ амарч яваа хүний машиныг мөргөж, балчир үрсийг нь айлгах эрх ч байхгүй. Төрийн хуулийг уландаа гишгэж, хүний эд хөрөнгөөр тоглож, машин тэргийг нь мөргөж эвдэх ч эрх байх ёсгүй.
Мөнгөтэй хүн хүн алж, бусдын эд хөрөнгийг эвдэж болно гэсэн хууль манайд л лав байхгүй. Баян хүний хүүхэд хүний эрх чөлөө, эрүүл мэнд, амь насанд халдаж байвал цагдаа нь зүгээр явуулна гэсэн журам ч байхгүй шүү дээ. Өнөөдөр баячуудын даврал хэрээс хэтэрч, төрийн цагдааг хүртэл ажлаа хийж чадахгүйд хүргэж байна. Ийм байхад яаж хууль эрх тэгш үйлчилнэ, шүүх шударгаар шүүнэ гэж ярьж чадах юм бэ. Янз бүрийн аргаар баяжсан нөхдүүдийн давралыг дарж, хууль журмаа мөрдүүлэхгүй бол нэг өдөр хэдэн “бацаан” хүн алчихаад, “Бид зүгээр л тоглож байхад тэр хүн үхчихсэн ш дээ” гэж хэлээд зогсч байх вий дээ.
О.Уянга
Эх сурвалж: "Монголын Мэдээ"