logo
Цахилгааны кабелийг гэмтээвэл гарах зардлыг буруутай этгээд хариуцна

Цахилгааны кабелийг гэмтээвэл гарах зардлыг буруутай этгээд хариуцна

2012/12/10
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ХК-ийн захирал С.Төмөрхүү, Нийслэл хотын цахилгаан хангамжийн 2012-2013 оны өвлийн их ачааллыг амжилттай давахад авч хэрэгжүүлж буй ажил болон тулгарч буй асуудлуудын талаар товч танилцууллаа.

Улаанбаатарын цахилгаан ачаалал 11 дүгээр сарын байдлаар 410 мВт ачаалалтай байгаа аж. 2012 онд их засвар, техник зохион байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлаар нийт 38 нэр төрлийн 2.59 тэрбум төгрөгийн ажил хийж, үүний үр дүнд 2011-2012 оны өвөл хэт ачаалагдаж байсан 35 кВ-ын хоёр трансформатор, 6(10)кВ-ын 97 дэд станцийн хүчин чадлыг нэмэгдүүлсэн байна.

Одоогийн байдлаар 35 кВ-ын хоёр дэд станц хэт ачаалалтай, таван дэд станц их ачаалалтай, 5(10)-ийн дэд станцийн 188 трансформатор 80-аас дээш хувийн ачаалалтай ажиллаж байгаа гэнэ. 100 ба түүнээс дээш ачаалалтай 50, 90-100 хувийн ачаалалтай 57, 80-90 хувийн ачаалалтай 81 дэд станц байна гэж танилцууллаа. Одоо нэн яаралтай шийдвэрлэх ёстой 90-ээс 100 хүртэл хувийн ачаалалтай 57 трансформаторт, 400 кВА-ын арван кВ-ын трансформатор 20 ширхгийг шинээр авахад 380 сая төгрөг, шугамын утас авахад 195 сая төгрөг нийт 575 сая төгрөг шаардлагатай байна гэв.

Харин эдгээр 57 дэд станцийг шинэчлэх асуудлаар салбарын яам ямар нэг байдлаар төсөв шийдээгүй гэлээ. Газар шорооны ажил хийх үед цахилгаан кабелийг гэмтээх явдал их байна. Энэ нь хөрөнгийн болон, зардлын асар их хохирлыг учруулдаг гэдийг ч тэрээр онцолсон юм.

Нийслэлийн Засаг дарга, газар шорооны ажил хийх явцдаа цахилгааны кабел утсыг гэмтээсэн этгээдэд хуулийн ямар хариуцлага тооцдог болохыг тодруулахад, бид холбогдох журмын дагуу акт дүгнэлтээ гаргаж, цахилгааны кабель тасарснаас гарсан хохирлыг буруутай этгээдээр төлүүлж байна. Гэхдээ зарим үед шүүхийн шийдвэрээр асуудлыг шийдвэрлэх үе ч байдаг гэв.

Тэрээр "Өвөлжилтийн бэлтгэл хангах тухай Захирамж гаргаж, албан даалгавар өгөх үед, цахилгаан, дулааны хүрээнд өвөлжилтөд бэлэн, шаардлагатай ажлуудыг хийсэн гэж хэлж байсан. Харин ид хүйтний үеэр гэнэтийн зайлшгүй шийдэх асуудлууд гарч ирлээ гэж байгаа нь урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар нэг бэлтгэл ажил хийгээгүйг харуулж байна гэж би ойлгож байна. Тиймээс, цаашдаа дулаан болон цахилгаан хангамжийг тасалдуулахгүй байх тал дээр онцгой анхаарч, урьдчилан сэргийлэх чиглэлээр томоохон ажлуудыг хийх нь чухал" гэлээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш