Нэгэнт Засгаас гарч чадахгүй, бас үхэж чадахгүй болсон түүнээс тэд одоо айхаа больчихсон нь үнэн. Үнэндээ Д.Тэрбишдагвын мэдэгдэл өнөөгийн эрх баригчдыг айх хэрэггүйг сануулсан юм. Сэтгэл дундуурхан, уруу царайлсан, хэлж байгаа үгэндээ итгэлтэй бус түүний дүр төрх шинэчлэлийн Засгийн газарт хоргодож буйг нь илтгэв. Нөгөөтэйгүүр, Н.Энхбаяраас хэдийнэ сэтгэл нь хөрсөн М.Энхсайханы багийнхны удаа дараагийн мэдэгдэл.
Тэд эксийг хаячихсан, хэзээ ч өрөвдөж, санагалзахгүй гэх байдал нь АН-ынхныг байр суурин дээрээ хатуу зогсоход ихээхэн дэмжлэг болох нь тэр. МАХН- ын дарга Н.Энхбаяр ч шүүх хурлын өмнөхөн Засгийн газрыг тогтвортой байлгах уриалга гаргаж, Н.Алтанхуягт тал засав. Уриалгад дурьдагдсанаар “Засгийн газрыг тогтвортой байлгахын үндэс нь хэлмэгдүүлэлтийг таслан зогсоох явдал юм.
Ийм учир Засгийн газрыг тогтвортой байлгахын тулд захиалгаар ажиллаж байгаа хараат шүүгчдийн балмад ажиллагааг таслан зогсоож, улс орноо хөгжүүлэхийн төлөө хамтран ажиллахыг МАХН-“Шударга ёс” эвсэл бусад намуудад хандан уриалж байна” гэжээ. Энэ бол экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын үг.
МАХН-ын дарга, Шударга ёс эвслийн тэргүүний уриалга.
Харамсалтай нь, түүний уриалгад Н.Алтанхуяг ч, Ц.Элбэгдорж ч уярсангүй. Харин ч бүр, Ц.Элбэгдорж өөрийнхөө тойрон хүрээлэгчдийг шүүх хурлын бүрэлдэхүүнд томилсон гэж байгаа, эксийн байгийнхны хэлж буйгаар. Иймээс Эрүүгийн танхимын таван шүүгчийн дөрвөөс татгалзах үндэслэлээ тайлбарлаж, шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргасан ч үл харгалзав.
Н.Энхбаярын талынхны хэлж байгаагаар Эрүүгийн танхимын тэргүүн С.Нямжав нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос гавьяат хуульч цол гардаж авсан, бас түүний үед Улсын Дээд шүүхийн танхимын тэргүүнээр томилогдсон нэгэн гэнэ. Мөн шүүгч Х.Батсүрэн, Д.Эрдэнэбалсүрэн нар мөн түүний үед Дээд шүүхийн шүүгчээр томилогдсон. Д.Эрдэнэбалсүрэнгийн хувьд Ц.Элбэгдоржтой нэг нутаг усных.
Шүүгч Т.Уранцэцэгийн хувьд мөн л Ц.Элбэгдоржоос саяхан Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон гардаж авсан гээд ашиг сонирхлын зөрчилтэй. Энэ шалтгаанаар Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъяан, УИХ-ын гишүүн О.Баасанхүү, З.Баянсэлэнгэ тэргүүтэй нөхдүүд шүүх хурлыг хаяж гарсан ч Д.Тэрбишдагва нарын бүрэлдэхүүнтэйгээр дахин хуралдаанд оров.
Ямартай ч, эцэст нь Н.Энхбаярт анхан шатны шүүхээр оногдуулсан дөрвөн жилийн ялыг 2.6 жил болгосон юм. Экс нэгэнт яллагдаж, ирэх жилийн сонгуулиар Ц.Элбэгдоржийн өршөөлд хамрагдаж, талархаж амьдрахаас өөр аргагүй нөхцөл байдал бий боллоо. Энэ бол өнөөгийн Ерөнхийлөгчийн түүнд үзүүлж буй хөнгөлөлт бас урамшуулал. Улс төрд дахин орж ирэхэд нь дэмжлэг үзүүлж чадсан бол энэ удаад түүнийг “булшилж” мөн дөнгөлөө.
2013 оны Ерөнхийлөгчийн сунгаагаар Ц.Элбэгдорж намаасаа ОК үнэлгээ авч чадвал өрсөлдөгчгүйгээр улс төрийн тайзан дээр таанц эргэх нь. Талархууштай л юм. Тэр өрсөлдөгчөө замаасаа зайлуулж чадлаа. Тэгвэл эксийн багийнхны дараагийн нүүдэл юу байх бол. АН нүүдлээ хийлээ. Одоо Н.Энхбаярын талынхан ямар нүүдэл хийх нь эл хүрээнийхний сонирхлыг татаж байна.
Мэдээж, улс төрийн хэлмэгдүүлэлтийг зогсоохын төлөө эцсээ хүртэл тэмцэнэ гэж мэдэгдэх нь зүйн хэрэг. Гэхдээ О.Баасанхүү гишүүний хэлсэн “Монголын улс төр, нийгэмд, олон улсад асар ноцтой асуудал үүснэ. Би үүнийг харж байгаа” гэх үгийг холуур өнгөрүүлчихэж болохооргүй мэт. Үүгээрээ тэр юу хэлэх гэсэн нь бүр ч их хачирхалтай.
Тэд одоо Засгийн газраас гарвал харин улс орныхоо эрх ашгийг бус нэг хүний төлөө зүтгэгсэд гэж нэрлэгдэнэ. Товчхондоо, өр төлж амьдрагсад гэдэг нь шууд л илчлэгдэнэ. Нөгөөтэйгүүр тэд өт хорхой мэт хэн ч биш болж хувирна. Тэгэхээр асуудлыг жаахан дэвэргэж, улс төрийн хүрээнд үймээн тарьж, гадагшаа бичиг, цаас явуулж л сүржигнэх ажил ойрын өдрүүдэд улс төрийн амьдралыг “чимэх” бололтой.
Л.Нинж
Эх сурвалж: “Нийгмийн Толь”