УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр /2012.12.11/ ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд П.Шаллерыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд УИХ-ын дарга З.Энхболд ХБНГУ нь Европ дахь Монгол Улсын гол түнш гэдгийг онцлоод УИХ, орон нутгийн сонгуулийн явц, эрх зүйн талаар мэдээлэл өглөө. Түүнчлэн сонгуулийг холимог системээр явуулах туршлагыг Герман улсын Бундестагаас авсан гэдгээ дурдсан.
Өнгөрсөн оны аравдугаар сард ХБНГУ-ын Холбооны Канцлер, хатагтай Ангела Маркел манай улсад айлчилж байсан бол Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ оны гуравдугаар сард Герман улсад төрийн айлчлал хийсэн. Харилцан айлчлалын үр дүнд тохиролцсон асуудлыг өдгөө ажил хэрэг болгож хэрэгжүүлхэд хоёр тал анхаарах хэрэгтэй гэдгийг УИХ-ын дарга мөн хэллээ. Герман, Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой 2014 онд тохиох юм байна. Тиймээс ирэх оны тавдугаар сард Бундестагийн дэд Ерөнхийлөгч Эдуард Освальдын манай улсад албан ёсны айлчлал хийхээр төлөвлөж байгаа нь хоёр талын харилцааг эрчимжүүлэхэд тодорхой ахиц гарна гэдэгт итгэлтэй байгаагаа Монголын парламентын тэргүүн илэрхийлсэн.
Ноён П.Шаллерын хувьд “Дипломат албыг 30 жил хаших хугацаанд Германтай харилцаатай бусад улстай харьцуулбал Монгол хамгийн нээлттэй, хамтын ажиллагаа сайн улс нь байлаа” хэмээн онцолсон. Түүнчлэн “ Монгол Улс нь НАТО, Европын холбооны хамтын ажиллагаанд гишүүнээр элссэн. Афганистанд энхийг сахиулах үйл ажиллагаанд Германтай хамтран амжилттай оролцож байгаа гээд хоёр улсын хамтын ажиллагаа сайн байдаг. Засгийн газрын тэтгэлгээр 1000 гаруй оюутан ХБНГУ-д сурч байна” гэлээ.
Герман-Монголын хамтарсан технологийн их сургууль Улаанбаатарт байгуулагдах юм байна. Энэ ажил ахицтай яваа гэдгийг Элчин сайд мөн мэдэгдсэн. Уул уурхай, хүнд машин, механизмын инженер, техникийн боловсон хүчин бэлтгэх дээрх сургууль нь ирэх жилийн 9 дүгээр сард анхны элсэлтээ авахаар төлөвлөж байгаа аж. Англи, герман, монгол дээр сургалтаа явуулж, онол, дадлагыг хосуулах сургууль ашиглалтад орсноор Монгол Улсын боловсролын шинэчлэлд үлгэр жишээ сургууль болно гэж ноён П.Шаллер үзэж байна. УИХ-ын дарга З.Энхболд сургуулийн үйл ажиллагааг өргөжүүлж эрчим хүчний салбарт боловсон хүчин бэлтгэх анги нэмэх саналтай байгаагаа Элчин сайдад хэлж байсан.
Уулзалтын төгсгөлд парламентын тэргүүн уул уурхайн салбар дахь хамтын ажиллагаагаа даруй идэвхижүүлэх шаардлагатай байгааг хэллээ. Тухайлбал, шингэн түлш, коксжсон нүүрсний үйлдвэрийг Сайншанд хотод барих ажилд ахиц гаргах шаардлагатай байгааг дурдлаа. Элчин сайд мөн УИХ-ын даргатай санал нэг байгаагаа илэрхийлсэн гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.