МАХН-ын нарийн бичгийн дарга нар өдөр бүхэн зөвлөлдөж, улс төрийн ороо бусгаа байдлын талаар хэлэлцэж эхэлсэн мэдээтэй байна. Тэр дундаа зөвлөлийн гол сэдэв нь угшил нэг намтайгаа “ураг барилдах” талаар ярилцаж эхэлсэн гэнэ. Гэхдээ энэхүү нэгдэл нь тус хоёр хүчнийхэн нэгэн дээвэр дор орж, ууган нэр хаягаа сэргээх бус зарим нэг хэлбэрээр нэгдэх боломжийн талаар санал солилцож байгаа гэх.
Наанадаж л, ууган хүчнийхэн одоогоор парламентад бүлэггүй, харин “Шударга ёс” эвслийнхэн албан ёсны хаяглах “алдар нэртэй” гэж байгаа. Тэр утгаараа эрх мэдэл, сүр хүч ихтэйгээрээ МАН голлох үүргийг гүйцэтгэхгүй дэг шүү. Харин МАХН энэ удаа ууган хүчнийхнийг багтаа урих нөхцөл бололцоо бүрдээд байгаа сурагтай. Хэдийгээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулан МАН-д бүлэг байгуулах боломжийг эрэлхийлсэн ч парламентаар түүнийг нь хэлэлцэж эхлээгүй байна.
Угаасаа ч ялалтыг хаягласан намынхан Өвөрхангай, Увсын тойргийн асуудал нэг тийш болтол МАН-д бүлэг байгуулж өгөх нь юу л бол. Тийм ч учраас УИХ-д 25 суудалтай МАН-ынхан бүлэгтэй болж, байнгын хороонд харьяалагдан шийдвэр гаргахад оролцох болтлоо өдий байна. Яг энэ байдал дээр МАХН, МАН нэгдэх бололцоо бүрдээд байгаа аж. Нэг үгээр хэлбэл, МАН-ын гишүүд “Шударга ёс” эвслийн бүлэгт нэгдэнэ гэсэн үг.
Гэхдээ ч ийм маягийн улс төрийн нүүдлийг өнөөгийн “бяцхан” олонхичуудын үндэслэгчид хийж байсан удаатай. Тухайн үе бол 2004 он. Эх орон нам АН-тай эвсэж, “Эх орон-Ардчилал” эвсэл байгуулан сонгуульд өрсөлдөж билээ. Яг өдгөөгийн “Шударга ёс” эвслийн зорилготой агаар нэг гэх үү дээ. Тухайн үед цэнхэртсэн эвсэл УИХ-д 35 суудал авсны долоо нь Эх орон намынх байлаа.
Энэ бол “Эрэл’’-ийн намын улс төрд мандсан оргил үе гэж болно. Эдүгээ тус нам улс төрийн түүхэнд шарлан хоцорсон хүчнүүдийн л нэг болж. Харин мандан сэргэлтийн тэр үед АН-д нөлөө бүхий болоод байгаа Х.Баттулга тус намаас парламентад сонгогдсоныг уншигчид санах байх. Мөн Д.Эрдэнэбүрэн, Ц.Батаа, Ц.Жаргал, Б.Цэрэнбалжир, С.Отгонбаяр, Б.Эрдэнэбат гэсэн бараг бүлэг байгуулах шахсан төлөөлөлтэй байв.
Харин МАХН 37 суудал авч, БНН нэг, бие даагч гурван хүн сонгогдож байлаа. Нэг үгээр хэлбэл, олонхигүй парламент эвслийн Засгийн газар байгуулсан нь мэдээж. Энэ үед Эх орон намын дарга Б.Эрдэнэбат Түлш эрчим хүчний, тус намын гишүүн И.Эрдэнэбаатар Байгаль орчны, С.Отгонбаяр Онцгой байдлын асуудал хариуцсан сайд болж байв.
Гэвч “Эх орон-Ардчилал” эвсэл удалгүй задарч, парламентад шинээр Үндэсний шинэ гэх тодотголтой М.Энхсайхан, Ж.Наранцацралт агсан, М.Сономпил, Ж.Батхуяг нарын төлөөлөлтэй нам байгуулагдлаа. Мөн хувийн тоглолтоороо хэзээний гаргууд Л.Гүндалай ч Ард түмний нам байгуулан “өрх тусгаарлав”. Ийнхүү ИЗН, Эх орон, АН- аас бүрдсэн тус эвсэл таван нам болж салах нь тэр.
Харин энэхүү үйл явцыг эл хүрээнийхэн М.Энхсайхан, Б.Эрдэнэбат нар Ерөнхий сайдын суудлыг булаацалдан маргасан нь эвсэл задрах шалтгаан байсан талаар хуучлах юм билээ. Гэвч эцсийн бүлэгт “Эх орон-Ардчилал” эвсэл тарахад, АНынхан УИХ-д бүлэггүй хоцорсон. Харин зөвлөл байгуулж болох байсан ч зөвлөлд шийдвэр гаргах, нөлөө үзүүлэх боломж байхгүй.
Тиймээс тэд тухайн үеийн МАХН-ын бүлэгтэй нэгдэж “62-ын бүдүүн бүлэг" гэдгийг байгуулж байв. Тэгэхээр баруун, зүүний үзэл баримтлалтай, 10-аад жил тэс хөндлөн явсан AH, МАХН хоёр нэг бүлэг нэгдэж болж байсан юм чинь угаасаа хэвлий нэгтэй, ижилхэн зүүний чигийн үзэл баримтлалтай МАХН, МАН нэгдэн нэг бүлэгт орох нь огтхон ч гайхах асуудал биш болов уу.
Гэхдээ энэхүү нэгдлийг МАН-ын гишүүд 100 хувь хүлээн зөвшөөрөх нь эргэлзээтэй байгаа талаар чих дэлсэв. Зүй нь МАХН- ын Гүйцэтгэх товчооноос онилсон нэр бүхий гишүүд энэ үйлдлийг тийм ч таатай хүлээж авахгүй гэдгийг улс төрийн хүрээнийхэн “цайны хачир” хийж сууна. Тэр нь ч ойлгомжтой. Харин анхан шат, үүрүүдэд бол МАХН, МАН-ын жирийн гишүүд нэгдэхэд төвөг чирэгдэл гарахгүй.
Энгийн гишүүдийн хувьд МАХН, МАН-ын ялгаа нэг их байхгүй. Ахмад гишүүд бол МАН ч бай, МАХН ч бай өөрийгөө МАХН- ын гишүүн л гэж нэрлэдэг. Ихэнхэд нь улаан батлах нь хадгалаастай бий. МАН-ын ухвар мөчид зарим дарга хөвөнтэй хөнжил төдийгөөр МАХН-ын улаан батлахыг нь сольж авах гэж манаргасан удаатай. Гэхдээ олон жил зүрхэн тушаагаа хадгалж ирсэн бат илэрхийлэхээ ахмадууд хөнжил гудасханаар солиогүй.
Тэдэнд МАХН гэдэг нэр, улаан батлах, үзэл баримтлал нь угаас нандин. Тэгэхээр дээгүүрээ УИХ дахь MAXH-MYAH-ын “Шударга ёс” эвслийн бүлэгт МАН нэгдэх, МАН, МАХН-ын жирийн гишүүд доогуураа нэгдэх хоёрт төвөг бэрхшээл алга.
Тун удахгүй УИХ-д МАХН-МҮАН-МАН-ын эвсэл байгуулагдаж магадгүй л юм. Ямартай ч шаргал ордноор энэхүү хоёр намыг нэгнийхээ дутууг гүйцээн нэгдэхээр сэмхэн уулзалт хийгээд эхэлсэн талаар шивэр авир хийх боллоо. Олны үг ортой гэгчээр угшил нэгтэй улс төрийн хоёр хүчин нэгдэх процесс эрт, орой хэзээ нэгэн цагт болох нь бараг л тодорхой болсон сураг ажиг дуулдаж эхэллээ.
О.Мөрөн
Эх сурвалж: “Нийгмийн Толь”