logo
Нэр төрд халдсан гэх хэргийг эрүүгийн хуулиар бус иргэний хуулиар шийдэх хэрэгтэй гэв

Нэр төрд халдсан гэх хэргийг эрүүгийн хуулиар бус иргэний хуулиар шийдэх хэрэгтэй гэв

2012/12/13

Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх “Иргэний танхим”-д өнөөдөр /2012.12.12/ “Гүтгэлэг, доромжлол гэмт хэрэг мөн үү?” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа. Уг хэлэлцүүлгийг “Иргэний танхим”, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, Хууль зүйн байнгын хороо, “Глоб интернэшнл” төрийн бус байгууллага, АНУ-ын Элчин сайдын яам болон “Олон Улсын чөлөөт илэрхийллийн сүлжээ” зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж байгаа юм .

“Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж буй энэ цаг үед уг хэлэлцүүлэг болж буйгаараа онцлог бөгөөд сэтгүүлчдийг олон нийтийг мэдээллээр хангах үүргээ биелүүлсний төлөө эрүүгийн хуулиар шийтгэдэг байдлыг таслан зогсооход энэхүү хэлэлцүүлгийн зорилго оршиж байгаа юм” хэмээн “Глоб интернэшнл” төрийн бус байгууллагын тэргүүн Х.Наранжаргал хэллээ.

УИХ-ын гишүүн М.Батчимэг, “Ер нь Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг батлан гаргах асуудал бол өнөөдөр яригдаж байгаа зүйл биш. Сүүлийн хэдэн жил маш их эрэлт үүсгэж байгаа эрхзүйн зохицуулалт. Хэвлэлийн эрх чөлөө, хүний эрхийг хамгаалах чиглэлээр ажилладаг маш олон төрийн бус байгууллага, олон улсын байгууллагууд үүнийг дэмжиж ирсэн.
Ерөнхийлөгчийн өргөн барьсан энэ хуулийн төсөл олон хүний санаа бодлыг тусгасан. Тэр дундаа олон нийтийн болоод сэтгүүлчдийн оролцоог нэлээд авч үзсэн хуулийн төсөл болсон. Мөн олон улсын олон жишиг тогтолцоог шингээж өгсөн. Одоо ч гэсэн ажлын хэсэгт хэлэлцүүлэгт бэлдээд ажиллаж байна.
Яг өнөөдрийн хэлэлцүүлэгтэй холбож тайлбарлабал сэтгүүлчийг Эрүүгийн хуулиар шийтгэдэг асуудлыг таслан зогсоох, хуулийн зүйл заалтыг хүчингүй болгох санал гарсан. Энэ бол сэтгүүлчийг хариуцлагаас чөлөөлөх гэж байгаа хэрэг ерөөсөө биш. Харин ч Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуульд хариуцлагыг тодорхой утгаар нь оруулж өгсөн” гэв.

Харин УИХ-ын гишүүн Г.Уянга, “Зөвхөн сэтгүүлчдийг бус үнэн зөвийг олж чадаагүй, шударгаар шүүж чадаагүй шүүгчдийн асуудлыг хөндөх хэрэгтэй.  Хамгийн гол нь олон нийтийн нэрийн өмнөөс ажилладаг сэтгүүлчдэд айдас хүйдэс төрүүлснээр аливаа цензурыг өөгшүүлж, эрэн сурвалжлах сэтгүүлзүйн хөгжлийг хязгаарлаж байна. Би олон ч удаа шүүх хуралд сууж, ял төлөвлүүлж байсан. Эрүүгийн хуулийн гүтгэлэг, доромжлолтой холбоотой 110, 111 дүгээр заалтыг халснаар сэтгүүлчдийг даврааж буй асуудал огтхон ч биш гэдгийг онцлон хэлмээр байна. Бид сэтгүүлчидтэй бус редакцитай хариуцлага тооцдог болох хэрэгтэй. Сэтгүүлчийн ёс зүй, хариуцлагын асуудлыг  иргэний хуулиар зохицуулах боломжтой гэдэгтэй санал нэг байна” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.

Мөн Ерөнхийлөгчийн Хүний эрх, иргэний оролцооны бодлого хариуцсан зөвлөх Ч.Сосормаа,  “Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс санаачлан Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барьсан байгаа. Энэ төслийн хүрээнд Эрүүгийн болон Иргэний хуульд өөрчлөлт оруулах саналуудыг хамт өргөн барьсан. Тухайлбал, Эрүүгийн хуульд заасан гүтгэх, доромжлох зүйл ангийг Эрүүгийн хуулиар бус Иргэний эрхүйн харилцаагаар зохицуулах боломжтой гэж үзсэн байгаа. Мөн сэтгүүлчийг баривчлах шаардлагагүй. Ер нь баривчилж, хорьсноор хүний гүтгэгдсэн нэр төр сэргээгдэхгүй шүү дээ. Их хэмжээний мөнгөн торгууль болон албадан хөдөлмөрлүүлэх шийтгэл байж болно гэдгийг хэлэлцэж байгаа. Хамгийн гол асуудал бол ардчилсан нийгэмд үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх энэ эрх чөлөө бол ихэнхдээ төрийн албан тушаалтнуудын үйл ажиллагаанд дүгнэлт өгөх, шүүмжлэхэд илэрхийлэгдэж байдаг.Тэгэхээр Эрүүгийн хуулийн дээрх заалт хамгийн ихээр хэвлэл мэдээллийнхэнд тусдаг” гэдгийг онцолсон.

2010, 2011 онуудад эрүүгийн хэрэгт холбогдогчдийн 80 гаруй хувийг хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид эзэлсэн гэх судалгаа байдаг байна. Учир нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр төрийн албан хаагчид, албан тушаалтнуудын мэдээ мэдээлэл их гардагтай холбоотой аж. Олон Улсын жишигт гүтгүүлсэн гэх албан тушаалтан хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан мэдээллийг гүтгэлэг, худал гэдгийг өөрөө нотлох үүрэгтэй байдаг байна. Тиймээс үзэл бодлоо илэрхийлснийх нь төлөө иргэнд эрүүгийн ял ногдуулах нь Үндсэн хуульд харшилж, Монгол Улс НҮБ болон олон улсын өмнө хүлээсэн үүргээ сахин биелүүлдэггүйн тод жишээ хэмээн хэлэлцүүлэгт оролцогчид үзэж байгаа юм. Тэдний саналаар эрүүгийн хуулиас доромжлох гэсэн заалтыг хасаж, харин гүтгэсэн гэж үзвэл иргэний хэрэг маргааныг шийдвэрлэх хүрээнд асуудлыг зохицуулах гарц бий. Хэрэв тухайн иргэнийг хүнд гэмт хэрэгт гүтгэсэн эсхүл тэр гүтгэлэг нь их хэмжээний хор хохирол учруулсан тохиолдолд сэтгүүлчийг торгох, албадан хөдөлмөр хийлгэх зэргээр хариуцлагын бусад хэлбэрийг сонгох боломжтой гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлж байгаа юм.

2000 оны 12 дугаар сарын 1-нд батлагдсан НҮБ-ын Тунхаглалаар “Гишүүн орнууд үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний эрхийг үл хязгаарлах байдлыг хангахын тулд гүтгэлгийн эсрэг хуулиа нягталж, үүнийгээ олон улсын өмнө хүлээсэн үүрэгтээ нийцүүлэхийг” уриалсан бол 2011 оны 3 дугаар сард Нью Йорк хотноо болсон НҮБ-ын Хүний эрхийн хорооны 101 дэх хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын хэрэгжилтийн тухай ээлжит илтгэлийг хэлэлцээд Хүний эрхийн хороо Монгол Улсын Засгийн газарт хандан нэр төр, алдар хүндэд халдсан хэргийг эрүүгийн гэмт хэргээс халахыг зөвлөсөн байдаг байна.

 

Л.Жаргалмаа

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш