Ерөнхий сайд Н.Алтанхуяг нефтийн бүтээгдэхүүн, шингэн түлш үйлдвэрлэх төслийн багийнхантай уулзлаа. Түүхий нефтээс нефтийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх болон нүүрснээс хий, шингэн түлш үйлдвэрлэх 15 төсөл Монгол Улсын хэмжээнд яригдаж байгаагийн долоо нь хэрэгжилтийн шатанд оржээ. Уулзалтын үеэр эдгээр төслүүд ямар технологи нэвтрүүлэхийг зорьж байгаа, хэдий хугацааны дараа дотооддоо нефтийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхлэх талаар дэлгэрэнгүй ярилцлаа.
Цаашид хийн түлшний хэрэглээ нэмэгдэх нь тодорхой. Тиймд, нүүрснээс хий, шингэн түлш гаргах судалгааны ажлыг эрчимжүүлж, дэвшилтэт технологи нэвтрүүлэн, дотоодын эх үүсвэртэй болох шаардлага бий. Ийм зорилготой дөрвөн төсөл танилцуулгаа хийжээ. Түүхий эдийн хувьд заавал коксжсон болон чулуун нүүрс гэхгүйгээр илчлэг багатай хүрэн нүүрсийг ашиглаж болно. Цаг хугацаа хийгээд хөрөнгө оруулалт их шаардсан эдгээр төслүүдэд Засгийн газрын дэмжлэг хэрэгтэйг онцоллоо.
Газрын тосноос нефьтийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх гурван төслийн баг уулзалтад оролцсон бөгөөд шаардагдах хөрөнгийг төсөл хэрэгжүүлэгчид өөрсдөө шийдвэрлэх боломжтойг Ерөнхий сайдад дуулгажээ. Технологи, горим найдвартай ч түүхий эдээ импортоор авах юм. Манай улсад олборлогдож байгаа газрын тосыг нефть боловсруулах үйлдвэрт хүргэх дэд бүтэц шийдэгдээгүй, мөн бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу олборлосон бүтээгдэхүүний 34 хувийг манай улс авдаг учир түүхий эдээ эхний ээлжинд гаднаас авахаар тооцоолжээ. Энд үйлдвэрлэл эхлэхэд ойролцоогоор хоёр жил шаардагдана.
Төслийн багийнхан Засгийн газрын зүгээс хэрэгжилтэд оролцох, зарим татвараас чөлөөлөх, мөн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг худалдан авах тал дээр анхаарч, дэмжлэг үзүүлэхийг хүсчээ. Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг богино хугацаанд хэрэгжих боломжтой газрын тосноос нефтийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх төсөл болон урт хугацаанд хэрэгжих нүүрснээс хий, шингэн түлш үйлдвэрлэх төслүүдийг бодлогын хэмжээнд дэмжиж ажиллахаа илэрхийллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.