Долоон жилийн турш хохирлоо барагдуулахаар хөөцөлдөж байгаа хадгаламж зээлийн хоршооны хохирогчдын хохирлыг барагдуулна гэдгээ Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэлсэн. Гэхдээ татвар төлөгчдийн мөнгөөр бий болсон төсвийн хөрөнгийг үндэслэлгүй тараах боломжгүй. Хадгаламж зээлийн хоршоод дампуурлаа гэсэн нэрийн дор хоршоодын хөрөнгийг хураасан. Гэтэл тэдгээр хөрөнгө хаачсан бэ. Бид энэ мэт булхай луйврыг илрүүлж, үндсээр нь цэвэрлэх шаардлагатай. Эс бөгөөс гэм буруутныг хаацайлсан хэрэг болно гэж Ерөнхий сайд үзэж байна. Тиймээс ч түүний үүрэг болгосны дагуу өнгөрсөн 10 дугаар сард Хууль зүйн сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд Ерөнхий сайдтай гурав дахь удаагаа өнөөдөр уулзлаа.
Өмнөх жилүүдэд төр засгийн удирдлагуудтай уулзах хүсэлтээ олон гаргасан боловч хүлээж авч байгаагүй. Шинэчлэлийн засгийн газар энэ асуудлыг шийдвэрлэхийн төлөө анхаарч байгаад хадгаламж зээлийн хоршооны хохирогчид талархлаа илэрхийлээд ажлын хэсэг шуурхай ажиллаж, ажлын явц зөв голдиролдоо орсон. Хадгаламж зээлийн хоршооны эзэмшлийн хөрөнгийг бусдад хууль бусаар шилжүүлсэн олон асуудлыг шалгаж, буцаан байршуулах талаар арга хэмжээ авч байгаа гэж Ерөнхий сайдтай уулзахдаа хэллээ.
Хохирогчдын өрийг барагдуулчих хэмжээний үл хөдлөх хөрөнгүүд хэний гараар орсон, одоо хэний мэдэлд байгааг нарийвчлан тодорхойлох шаардлагатай. Худалдаа арилжаа яаж явагдсан, хөрөнгө хэрхэн зарагдсаныг ч судлах ёстой. Хохирогчдын нэрээр хэдэн хүн завшаад өнгөрч таарахгүйг Засгийн газрын тэргүүн хэлээд ажлын хэсгийнхнийг мэдээллээ нэгтгэж, хяналт шалгалтыг шуурхай явуулахыг үүрэг болголоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.