logo
Хотын удирдлагуудын санаачилгаар сурагчдийн амралтыг уртасгалаа

Хотын удирдлагуудын санаачилгаар сурагчдийн амралтыг уртасгалаа

2012/12/13

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э-Бат-Үүл өвлийн ид хүйтний үеэр бага ангийн сурагчдийг амраах тухай санаачлагыг анх гаргаж, энэ тухай асуудлыг судлан хэрэгжүүлэхийг  Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ц.Баатархүүд  үүрэг болгосон юм. Энэхүү үүргийн дагуу Нийслэлийн Засаг даргын  Нийгмийн хөгжлийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ц.Баатархүү  Боловсрол, шинжлэх ухааны сайдад хүсэлт гарган, сурагчдийн өвлийн амралтын хугацааг уртасгах тухай саналаа хүргүүлсэн байна.  Мөн Нийслэлд анх удаа зохион байгуулсан  Нийслэлийн сурагчдын эцэг эхчүүдийн холбооны чуулганаар энэ асуудлыг танилцуулахад, өвлийн амралтын хугацааг сунгах санал дэмжигдсэн байна.  Эдгээр хүсэлт, саналуудыг үндэслэн Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр тушаал гарган, сурагчдын өвлийн амралтын хугацааг сунгахаар боллоо. Нийслэлийн сургуулийн бага ангийн сурагчид 2012 оны 12 дугаар сарын 31-нээс 5 долоо хоног, дунд ангийн сурагчид 2013 оны 1 дүгээр сарын 14-нөөс эхлэн 3 долоо хоног, ахлах ангийн сурагчид 1 дүгээр сарын 21-нээс эхлэн 2 долоо хоног амарна. Нийслэлийн сургуулийн бүх ангийн сурагчдын 3 дугаар улирлын хичээл 2013 оны 2 дугаар сарын 4-нөөс эхэлнэ. Хичээлийн жилийн үргэлжлэх болон улирлын амралтын хугацаанд өөрчлөлт оруулснаар сурагчдын суралцах нийт цаг хорогдохгүй, багшийн цалин хөлс, амралтын хугацаанд ямар нэг өөрчлөлт гарахгүй гэдгийг хариуцсан яамнаас мэдээлж байна.  Нийслэлийн Удирдлагын зүгээс хотын иргэдийг эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх, тэр тусмаа хүүхэд багачуудад аюулгүй, ээлтэй орчин бий болгохыг тэргүүн зорилгоо болгон ажиллаж, энэ ч үүднээс сурагчдийн өвлийн амралтыг сунгах хүсэлтийг гаргаад байсан юм  гэж Нийслэлийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш