logo
Хүүгийн аюулгүй байдлыг хангах үүднээс хаана байлгахыг нь нууцалж байна

Хүүгийн аюулгүй байдлыг хангах үүднээс хаана байлгахыг нь нууцалж байна

2012/12/13

Энэ сарын 4-5-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны иргэн Түвшинжаргал гэгч нь долоон настай хүүгээ хэвтэрт ортол нь зодож танхайрсан аймшигтай хэрэг гарсан. Хойд эцэгтээ зодуулж сэхээн амьдруулах тасагт долоо хоног хэвтсэн хүүг өчигдөр эмнэлгээс гаргасан байна. 

 

Гэхдээ хүүг хаана байлгах нь тодорхойгүй байгаа юм. Түүнчлэн хүүгийн эмчилгээ дуусаагүй байгаа. Сэтгэлзүйн хувьд тогтвортой болтол багагүй хугацаа шаардах талаар ч ярьж байгаа юм. Энэ талаар Хүүхдийн Төлөө Үндэсний газрын нийгмийн ажилтан Б.Ойнбаяртай ярилцлаа. 

Хоёр хоногийн өмнө биеийн байдал нь сайжирч байгаа ч эмнэлгээс гарах болоогүй гэх хариултыг өгч байсан. Яагаад эмнэлгээс гаргахаар болсон юм бэ? 

-Энэ хүү анх ирэхдээ сэхээн амьдруулах тасагт хэвтэж байсан ч жаахан хүүхэд учраас биеийн эсэргүүцэл сайтай болохоор амархан тэнхэрлээ. Гэхдээ эмнэлгээс гарах, гарахгүй гэх шийдвэрийг эмч нар гаргасан. Харин хүүгийн сэтгэлзүйн эмчилгээг дөнгөж эхэлж байна. Ганцаарчилсан сэтгэлзүйн эмчилгээ хийгдэх болно. Мөн нөхөн сэргээх эмчилгээ ч давхар хийгдээд явна. Энэ хүүг эмнэлгээс гарлаа, эдгэрлээ гээд орхичихож хэзээ ч болохгүй. Сэтгэл санааны хувьд тогтвортой болтол их хугацаа шаардах болно. Тийм ч үүднээс эмч болон сэтгэлзүйчийн байнгын хяналтад байлгана. 

Энэ хүүг эмнэлгээс гаргалаа гэхэд хэнд өгөх нь асуудалтай байна. Хүүгийн халамжлагчаар эмээг сонгож байгаа талаар ч мөн ярьж байгаа? 

-Хүүг хэн дээр байлгах эсэх нь одоогоор тогтоогдоогүй байна. Бид нарийн ширийн зүйлийг нь судалж үзэж байна. Гэр бүл хамаатан садан нь ч мөн хуралдаж байна. Ингэж байж хүүг тайван орчинд байлгаж хар дарсан зүүднээс нь салгах болно. Гэхдээ хүүг эмнэлгээс гарахаар очих газаргүй гээд шууд Халамжийн төв аваачаад өгчихөж болохгүй. Яагаад гэвэл энэ хүүхэд өөрийн гэсэн орон байртай, харж хянах хүнтэй учраас болохгүй. Тухайн хүүхдийн сэтгэл санаанд нь ч гэсэн өөрчлөлт орж магадгүй. Тийм болохоор энэ хүүтэй холбоотой үйлдэл бүхэндээ анхаарч хэнтэй яаж харьцах гээд бүх асуудлыг нь ярилцаж байна. Мөн хүүгийн эрүүл аюулгүй байдлын үүднээс хаана байлгах вэ гэдгийг нууцалж байна. 

Ер нь энэ хүүгийн ар гэрийн байдал ямар байна вэ? 

-Нэг хэвийн дундаж амьдралтай айлын ганц хүү. Амьдарч байсан байр нь энэ хүүгийн нэр дээр байдаг юм билээ. Тэгэхээр энэ хүүхэд гэр орноосоо явж болохгүй. Тэгэх үндэслэл ч байхгүй юм билээ. Аавынх нь хувьд албан ёсоор ээжтэй нь гэрлээгүй, энэ айлд ирж амьдраад гурван жил болж байгаа юм байна. 

Хойд эцэг болоод ээж нь юу хийдэг хүмүүс юм бэ? 

-Ээж нь худалдагч хийдэг гэсэн. Хувиараа юм уу, хүний лангуун дээр зогсдог эсэхийг нь мэдэхгүй байна. Харин аав нь ажилгүй байсан юм билээ. 

Ээж нь шоконд орж сэтгэл санааны гүн хямралд орсон гэж байсан. Одоо биеийн байдал нь ямар байгаа вэ? 

-Хэвийн байдалдаа орж байгаа. Сэтгэлзүйч тулж харьцан эмчилгээ хийж байгаа. Ээжийнх нь хувьд одоо хүүгээ хэрхэн хамгаалах, хэнтэй хамт байлгах ёстой вэ гэдгээ ойлгож байгаа гэж хэлж болно. 

Хойд эцэг нь цагдан хоригдож байгаа ч ямар нэгэн байдлаар ээж хүү хоёрт заналхийлсэн байдал үүсэх вий гэж олон хүн ярьж байгаа? 

-Бид цагдаа нартай байнга харилцан ажиллаж байгаа. Тийм зүйл болохгүй байх. Хүүгийн хойд эцгийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст хорьж байгаа.

Монголын мэдээ Г.Түмэнтогос
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш