logo
Ц.Элбэгдорж: Өвөг дээдсийнхээ агуу үйл хэргийг санан дурсаж явах учиртай юм

Ц.Элбэгдорж: Өвөг дээдсийнхээ агуу үйл хэргийг санан дурсаж явах учиртай юм

2012/12/14

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу Монгол Улс үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 100 жилийн ойн үндэсний бөхийн барилдаанд түрүүлсэн Увс аймгийн Баруунтуруун сумын харъяат, “Монголросцветмет” нэгдлийн “Уурхайчин” клуб, “Хилчин” спорт хороо, “Увс нуур” дэвжээний бөх, Монгол Улсын аварга Сүхбаатарын Мөнхбатад Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомыг өнөөдөр гардууллаа.

 

Мөн үндэсний бөхийн спортыг хойч үедээ уламжлуулан хөгжүүлэхэд оруулсан олон жилийн нөр их хөдөлмөрийг нь үнэлж, Монгол Улсын заан Дасрангийн Мягмар, Монгол Улсын заан Дэндэвийн Амгаа нарыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор, Монгол Улсын заан Чимэдийн Гочоосүрэн, Монгол Улсын заан Цэрэндонойн Санжаа, Монгол Улсын заан Дамдинсүрэнгийн Лхагвасүрэн, Монгол Улсын харцага Жамцын Бор, Монгол Улсын начин Дамдины Галдандагва, Монгол Улсын начин Заяахүүгийн Чинбат, Монгол Улсын начин Цэрэнгомбын Лхамаа, Монгол Улсын начин Гүнсэлийн Жалаа, Аймгийн арслан Нямын Батчулуун, Аймгийн арслан Лувсансодовын Чимэд-Очир, Аймгийн арслан Дорждэрэмийн Болд, ахлах гарын даа Санзайн Сэлэмбаатар, бөхийн засуул Баасанхүүгийн Шүрхүү, үндэсний бөх тайлбарлагч, бөх судлаач Бямбадоржийн Цогтбаатар нарыг Алтан гадас одонгоор тус тус шагнав.


Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шагнал гардуулах ёслолын үеэр хэлсэн үгэндээ “Удахгүй 12 дугаар сарын 29-нд Монгол Улс тусгаар тогтнол, эрх чөлөөгөө сэргээн тогтоосны 101 жилийн ой болно. Ноднин бид энэхүү агуу их түүхэн үйл явдлын 100 жилийн ойг тэмдэглэсэн. Он солигдох мөчид монголчууд энэхүү түүхэн ойгоо тэмдэглэхийн сацуу бөхийн уламжлалаа дээдлэх ёсыг ард иргэддээ үлдээе гэсэн санаан дор энэ үйл ажиллагаа явагдаж байна. Энэ нь нэг удаа тэмдэглээд өнгөрөх ой биш, Монголын ард түмний үеийн үед онцлох чухал арга хэмжээ юм. Монголчууд 101 жилийн өмнө тусгаар тогтнол, эрх чөлөөгөө сэргээн тогтоосон нь үнэхээрийн чухал түүхэн үйл явдал билээ.
Энэхүү ой оны төгсгөлд тохиодог нь сайхан. Он солигдож, улс орноороо улиран одох жилийнхээ ажил амжилтыг дүгнэх мөчид энэхүү түүхэн ой тохиодог билээ. Мөн өнгөрөх жилдээ амжилтаараа шалгарсан 128 өндөр чансаатай шилдэг бөхчүүд барилддаг.
Монголчууд бид гадаад улс орноос орж ирсэн баяр ёслолыг түлхүү тэмдэглэн иржээ. Харин Монгол ёс, ахуй, заншлынхаа дагуу түүхэн ой болоод шинэ жилээ тэмдэглэн, ёс заншлаа хүндэтгэх нь чухал юм. Тусгаар тогтнолын 100 жилийн ойн барилдаанд манай шинэ аварга С.Мөнхбат түрүүлсэн. Тухайн үед бид Ерөнхийлөгчийн нэрэмжит цом бий болгож, үндэсний бөхийн жил бүрийн нэг барилдааны үеэр олгож байхаар ярилцсан. Уг цомыг Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын ойн өдрийн барилдаанд түрүүлсэн бөхөд олгож байхаар тогтсон.
Үүний дагуу зарлиг гарган түрүү бөхөд цом олгохоор болсон. Шилжин явах цом нь том хэмжээтэй, харин дурсгал болон үлдэх нь харьцангуй жижиг байх юм. Ирэх 29-нд болох баярын өдөр мөн 2012 оны хамгийн өндөр чансаатай 128 бөх барилдаж, ард түмэндээ цэнгэлийн манлайг эдлүүлж, монголчуудынхаа хийморийг өргөх болно. Энэ уламжлалыг бид жил бүр үргэлжлүүлж, өвөг дээдсийнхээ агуу үйл хэргийг санан дурсаж явах учиртай юм. Мөн бөхийн үйл хэрэгт олон жилийн хөдөлмөр зүтгэл, хувь нэмрээ оруулсан, барилдаанаараа ард түмнээ баясгасан, өөрийн үлгэр дууриалаар мянга мянган жилийн уламжлалтай бөхийн соёлыг авч явж буй ахмад бөхчүүдээ төрийн одон медалиар шагнаж байхаар болсноо дуулгахад таатай байна.


Ингээд шагнал авсан ахмадууд, шилжин явах цомоо гардсан С.Мөнхбатдаа аваргадаа улс үндэстнийхээ Эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний их ойн баярын мэндийг дэвшүүлж, шинэ жилдээ улам их амжилт бүтээлээр дүүрэн, сайн сайхан байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье. Та бүхэнд дахин баяр хүргэе” хэмээв.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш