logo
Д.Арвин, Г.Батхүү, Д.Сарангэрэл нар УИХ-ын гишүүний тангарагаа өргөлөө

Д.Арвин, Г.Батхүү, Д.Сарангэрэл нар УИХ-ын гишүүний тангарагаа өргөлөө

2012/12/14

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2012.12.13/ нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн эхний асуудал нь УИХ-ын гишүүний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай байв.

Сонгуулийн ерөнхий хорооны танилцуулгыг дарга Ч.Содномцэрэн хийлээ. Тэрээр УИХ-ын Өвөрхангай аймгийн 10 дугаар тойрогт нэр дэвшин өрсөлдсөн Г.Батхүүгийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх асуудлыг Сонгуулийн ерөнхий хороо Өвөрхангай аймгийн сум дундын шүүхийн ерөнхий шүүгчийн хоёр удаагийн захирамж, Сум дундын шүүхийн тогтоолыг үндэслэн оруулж ирж байгааг танилцуулгадаа дурдлаа.

Мөн өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан У.Хүрэлсүхийн асуудлыг УИХ-аар шийдвэрлэж тогтоол гаргасны дагуу СЕХ хуралдаанаараа хэлэлцээд жагсаалтаар нэр дэвшигчдийн дарааллын дагуу Д.Сарангэрэлийн нэрийг оруулж ирж буйг дуулгав.  

 

Түүнчлэн УИХ-ын 22 дугаар тойрогт явуулсан дахин санал хураалтаар ялалт байгуулсан Д.Арвины асуудлыг СЕХ хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэх нь зүйтэй гэж үзжээ.

СЕХ-ны даргын дээрх танилцуулгын дараа нэр бүхий гишүүд асуулт асууж, хариулт авлаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн Н.Батцэрэг, “Өвөрхангайд нэр дэвшин өрсөлдсөн Д.Зоригт хэд хоногийн өмнө тангараг өргөх гээд ирчихсэн байсан. Тэр хүний тангараг өргөх асуудал яасан юм бэ” гэж лавласан.

УИХ-ын дарга З.Энхболд “Өвөрхангайд нэр дэвшин өрсөлдсөн С.Чинзоригийн шүүхэд хандсан асуудал нэг мөр шийдэгдтэл тангараг өргөх асуудлыг түдгэлзүүлж өгөөч гэсэн өргөдлийг Д.Зоригт УИХ-ын дарга миний нэр дээр ирүүлсэн учир өнөөдөр энд алга байна” хэмээн хариуллаа. 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ УИХ-аар баталсан Сонгуулийн тухай хууль амьдралд хэр нийцэж байгааг тодруулахад СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн “Бид 2012 оны сонгуулиудыг шинэ хуулийн орчинд зохион байгууллаа. Хуульд цаашдаа эргэн харах, боловсронгуй болгох зүйл бий. СЕХ энэ талаарх саналаа бэлтгэж байгаа” гэсэн хариултыг өгсөн. 

Гишүүд ийнхүү хариултаа авсны дараа шинэ гишүүд тангараг өргөн тангарагийн бичигт гарын үсгээ зурж, Төрийн дуулал эгшиглэлээ. Дараа нь шинэ гишүүдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай УИХ-ын тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 98.3 хувийн саналаар баталлаа.

 Д.Арвин УИХ-д дөрөв дэх удаа, Г.Батхүү гурав дахь удаагаа УИХ-ын гишүүнээр сонгогдож байгаа бол Д.Сарангэрэл анх удаа УИХ-ын гишүүнээр ажиллахаар боллоо.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш