logo
Хүмүүжигч эмэгтэйчүүд, хүүхдүүд хорих ялыг хөнгөвчлүүлэх хүсэлтэй байна

Хүмүүжигч эмэгтэйчүүд, хүүхдүүд хорих ялыг хөнгөвчлүүлэх хүсэлтэй байна

2012/12/14
Нярай хүүхэд ээжийн хамт хорих байранд амьдардаг

    УИХ-ын гишүүн, НББСШУБХ-ны дарга З.Баянсэлэнгэ тэргүүтэй ажлын хэсэг ШШГЕГ-ын харъяа 407 дугаар анги буюу Эмэгтэйчүүдийн хорих анги,  411 дүгээр анги буюу Хүүхдийн хорих анги, Улсын Хүүхэд асран хүмүүжүүлэх төвийн  ажил байдалтай танилцлаа.

Эмэгтэйчүүдийн хорих ангид өнөөдрийн байдлаар 100 гаруй ялтан хүмүүжиж байна. Тэдгээрийн 25 хувь нь хүний амь нас хохироосон, 25 хувь нь залилангийн, 6 хувь нь хүний наймаа, мөн 6 хувь нь хар тамхи бусдад борлуулсан хэргээр ял шийтгүүлжээ.  Энэ хорих ангид тулгамдсан асуудлын нэг нь ээжтэйгээ байгаа нярай хүүхдийн асуудал гэдгийг тус ангийн дарга, дэд хурандаа О.Хадбаатар хэлж байсан. Хорих ангид ирээд хүүхдээ төрүүлсэн 10-аад ээж нярай хүүхдийн хамт энэ ангид тусгайлсан байранд хүмүүжиж байгаа юм. Эдгээр хүүхэд 1 нас хүртлээ ээжийн хамт байх  ёстой. Гэвч хүүхдийн өсч торниж байгаа нөхцөлд улс зайлшгүй анхаарах шаардлагатай байгаа талаар дэд хурандаа О.Хадбаатар хэллээ. Тодруулбал, хорих ангийн бүсийн гадна, харуул хамгаалалт дор хүүхэд асран хүмүүжүүлэх байр барих шаардлагатай байгааг УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэд хэлж байв.

Эмэгтэйчүүдийн хорих ангид мөн нийгмийн ажилтны орон тоо дутагдалтай байна. Хүмүүжигч ялаа эдлээд суллагдсаны дараа нийгэмших, ажилд орох, ар гэр хүлээж авах байдалд бэрхшээл гардаг байна. Энэ бүгдэд нийгмийн ажилтны туслалцаа шаардлагатай болдог аж.  Хүмүүжиж байгаа эмэгтэйчүүдийн тоонд харьцуулвал дор хаяж 7 нийгмийн ажилтан байх ёстой атал өнөөдрийн байдлаар гурван нийгмийн ажилтан, нэг сэтгэл зүйч ажиллаж байна.

УИХ-аас гарсан ажлын хэсэг байгууллагуудын үйл ажиллагаатай танилцахдаа нэн даруй шийдэх шаардлагатай асуудлуудыг газар дээрээс нь мэдэх гол зорилготой байсан. Тиймээс З.Баянсэлэнгэ гишүүн хүмүүжигч нартай мөн уулзаж санал сэтгэгдлийг нь сонссон юм. Энэ үеэр дийлэнх хүмүүжигч ялын бодлогыг хөнгөвчлөх бололцоо байгаа эсэх талаар, ар гэртээ үлдсэн хүүхдүүддээ санаа зовдог тухай  ярьж байсан. Хүмүүжигч нар үйлдвэрт ажиллаад бодуулсан цалингынхаа 50 хувийг өр төлбөрт, 14 хувийг гар дээрээ авч  30-аад хувийг хорих ангийн цахилгаан дулааны төлбөрт өгдөг байна.  Үлдсэн хувийг нэрийн данс дээр нь хадгалдаг ажээ.

Хүүхдүүд олон жилийн ял авсандаа харамсч байна

    Насанд хүрээгүйчүүдийн хорих анги буюу ШШГЕГ-ын харъяа 411 дүгэээр анги Зайсанд байрладаг. УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ  энэ ангийн ажил байдалтай танилцах явцад хүүхдийн сурч боловсрох эрхийн асуудал нэлээд нухацтай яригдлаа. Хүүхдийн хорих ангид одоогийн байдлаар 40-өөд хүүхэд хүмүүжиж байгаа юм. Тэдгээрээс 14 нь  өнөө жил 10, 11 дүгээр ангийн боловсрол эзэмших ёстой. Гэвч хорих ангид үйл ажиллагаа явуулдаг Хан-Уул дүүргийн 110 дугаар дунд сургууль нь 10, 11-р ангийн боловсрол эзэмшүүлэх эрхгүйн дээр анги, танхим, багш хүрэлцдэггүй байна.  Сургуулийг бүрэн дунд статустай болгохоор холбогдох газруудад хандсан гэж ахлах багш, хошууч П.Цэрэндорж хэллээ. Одоо Нийслэлийн Засаг даргын зөвшөөрлийг л хүлээж байгаа гэсэн.  Хүмүүжиж байгаа хүүхдүүдийн дийлэнх нь хулгай, дээрмийн давтан  хэргээр ял авчээ. Гэхдээ хүүхдүүд олон жилийн ял авсандаа харамсч явдагаа УИХ-ын гишүүнд хэлж байсан. Хуулиар хүүхдийн анхны хэрэгт хорих ял оноохгүйгээр тэнсэн ял өгдөг байна. Гэтэл энэ тэнсэнтэй байх хугацаандаа хүүхэд гэмт хэрэгт холбогдоход давтан хэргээр олон жилийн хоригдох ял авчихдаг аж. Тухайлбал, хулгайн давтан хэргээр ял авсан хүүхэд  “ 220 мянган төгрөгний давтан хэргээр ял авахдаа би хохирогчид хохирлыг нь барагдуулсан байсан. Гэтэл давтан хэрэг гэдгээр надад 11 жилийн хоригдох ял оноож байхад миний дэргэд хүний амь хөнөөсөн хэрэгтэн 10 жилийн ял авч байсанд харамсч байсан” хэмээн нүдэндээ нулимстай ярьж байв. Энэ УИХ эрх зүйн салбарт шинэчлэл хийхээр ажиллаж байгаа тул холбогдох хуулийн төслүүдэд хүмүүжигч хүүхдүүдийн хэлсэн саналыг  тусгуулах талаар ажиллах болно гэдгээ УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ энэ үеэр мэдэгдсэн. 

Асрамжийн төвөөс гарсан 20 хүүхэд гудамжинд хонодог

    УИХ-ын НББСШУБХ-ны дарга  З.Баянсэлэнгэ  Улсын Хүүхэд асран хүмүүжүүлэх төвийн үйл ажиллагаанд харин нэлээд шүүмжлэлтэй хандлаа.  Тэрбээр тус төвийн үйл ажиллагаатай танилцахаар очихдоо өнчин хүүхдүүдийн аав, ээжийг нь орлож ажиллах ёстой удирдлагууд,  нийгмийн ажилтан, эмч нар сэтгэл, зүтгэлгүй ажиллаж байна гэсэн шүүмжийг хэлсэн. 2008 оноос хойш нэг ч удаа урсгал засвар хийгдээгүй байранд 100 гаруй хүүхэд зутруухан амьдарч байна.  Энэ жил насанд хүрээд асрамжийн төвийг орхисон хичнээн хүүхэд хаана, хэн дээр очиж амьдарч байна вэ гэсэн асуултад дэд захирал  Г.Ганхуяг хариултгүй сууж байв. Тодруулбал, 18 нас хүрээд асрамжаас гарсан хүүхэд өнөө жил байхгүй гэж Г.Ганхуяг захирал хэлсэн. Гэтэл Хүүхдийн эрхийн үндэсний төвийн  тэргүүн н.Цэвээний хэлснээр бол  энэ асрамжийн төвөөс  18 нас  хүрээд гарсан 20-оод  хүүхэд  өнөөдөр хаана, хэн дээр очихоо мэдэхгүй, хүлээж авах  ах дүү, гэр оронгүйгээс өвлийн хүйтэнд гадуур хоноглон амьдарч  байгаа аж. Арга ядсан тэдгээр хүүхдүүд өргөдөл барьчихсан Хүүхдийн эрхийн үндэсний төв дээр уйлаад иржээ. Хүүхдүүдийн зарим нь өдгөө бүлэглэн дээрэм хийж амь зогоодог бол зарим нь  цагдаагийн байранд хоног төөрүүлдэг байна. Хагас болоод бүтэн өнчин эдгээр 20 хүүхэд насанд хүрсэн ч гэлээ  Улсын Хүүхэд асрамжлан хүмүүжүүлэх төвийн хяналтаасаа гадуур орхигдох ёсгүй гэж УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ хэлж байсан. Уг нь нийгмийн ажилтан асрамжийн төвд ирсэн хүүхдийг анх хаанаас, хэзээ ирсэн, 18 насанд хүрээд асрамжийн төвөөс гаргах болоход хэнд хүлээлгэж өгөх вэ, аль нутаг дэвсгэр, засаг, захиргаанд харьяалуулах вэ гэдэг нарийн судалгаатай ажил хийж  байх ёстой.  Гэтэл асрамжийн төвөөс гарсан л бол хамаагүй  гэсэн аястай, нийгмийн ажилтан “дугуйлан зохион байгуулсан” гэх төдий ажилтай байгаад УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ болоод Хүн амын хөгжил,нийгмийн хамгааллын яамны мэргэжилтэн, Хүүхдийн эрхийн үндэсний төвийн удирдлагууд бухимдалтай байлаа гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш