logo
Манайх шатахууны 30 хоногийн нөөцтэй байна

Манайх шатахууны 30 хоногийн нөөцтэй байна

2011/07/21
Энэ оны 7 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 30 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй, нийлүүлэлт хэвийн байгаа тухай Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт Засгийн газрын хуралдаанд танилцуулав. Үүнээс АИ-80 автобензин 34, АИ-92 автобензин 19, дизелийн түлш 34 хоногийн нөөцтэй байгаа бөгөөд замдаа ирж яваа бүтээгдэхүүний хэмжээ багтаж байгаа юм. Танилцуулгатай холбогдуулан газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлдэг гадаадын түнш, аж ахуйн нэгжүүдтэй тогтоосон харилцаагаа тогтмол хадгалан, хэрэглээ, гадаад захиалгаа бодитой хэрэгжихээр болгож, цаашдын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхэд анхаарч ажиллахыг даалгав. Мөн намрын ургац хураалт болон ирэх өвлийн бэлтгэл хангахад шаардагдах газрын тосны бүтээгдэхүүнээр тасралтгүй хангаж, цаашид хэрэглэгчдийн хэвийн үйл ажиллагааг алдагдахгүй байх хэмжээний нөөц бүрдүүлэх чиглэлээр эрчимтэй ажиллахыг даалгасан байна. Түүнчлэн БНСУ-аас газрын тосны бүтээгдэхүүн импортлохтой холбогдуулан БНХАУ-ын Тяньжин, Далиан, Таньшин боомтоор дамжуулан тээвэрлэх төмөр замын тээвэрлэлтийн асуудлыг холбогдох байгууллагатай яриа, хэлцэл хийн яаралтай шийдвэрлэхийг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд болон Эрдэс баялаг, эрчим хүчний сайдад даалгажээ. ОХУ-ын “Роснефть” компани манай улсад нийлүүлэх дизелийн түлшээ энэ оны 4 дүгээр сараас их хэмжээгээр багасгасан нь манайд хүндрэл учруулсан. Иймээс тухайн үед 10 хоногийн хугацаагаар дизель түлшний тодорхой хэмжээний хязгаарлалт хийн ОХУ-ын бусад компани болон өөр эх үүсвэрүүдээс өндөр үнээр түлш авч хэрэгцээгээ хангаж байсан юм. Газрын тосны бүтээгдэхүүний хилийн үнэ өөрчлөгдөж байсантай холбогдуулан Засгийн газар энэ он гарсаар онцгой албан татварын хувь хэмжээг 8 удаа өөрчилсөн. Тухайлбал 5 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаараа импортоор оруулж ирэх автобензин, дизель түлшний гаалийн онцгой албан татварыг  тэглэсэн. Мөн холбогдох яам, агентлагийн удирдлагууд урд, хойд хөрш болон бусад эх үүсвэрээс газрын тосны бүтээгдэхүүн авах, нийлүүлэлт, хангамжийг хэвийн байлгах талаар удаа дараа яриа, хэлцэл хийн тохиролцоонд хүрч байсан юм гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш