Нийслэлийн Удирдах ажилтны Шуурхай Зөвлөгөөн “ШИНЭЧЛЭЛИЙН ХӨТӨЛБӨР, ТӨСӨВ - САХИЛГА ХАРИУЦЛАГА сэдвээр болж, зөвлөгөөнөөр Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2013 оны зорилтыг хэрэгжүүлэх, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын санхүүгийн сахилга хариуцлага, ажлын уялдаа холбоог сайжруулах талаар хэлэлцлээ.
Зөвөлгөөнд, нийслэлийн нутгийн захиргааны болон нийслэлийн өмчит улсын үйлдвэрийн газрууд, төсөвт байгууллагуудын удирдах ажилтнууд оролцлоо.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл Нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2013 оны зорилт, төсөв, санхүүгийн бодлого чиг хандлагын талаар мэдээлэл хийлээ. Тэрээр Бүтээн байгуулалт, шинэчлэлийн хүрээнд 2013 онд нийслэл хотод “Их наяд” гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэнэ. Өмнөх жилүүдэд “Хөрөнгө оруулалт яагаад үр дүнгүй болов гэдэг асуулт хариугүй, хариуцах эзэнгүй хоцордог байсан. Үүнийг таслан зогсооно. Хөрөнгө оруулалтыг үр дүнтэй нь заавал уялдуулна. Ажилгүйдлийн түвшинг бууруулна. Хөдөлмөрийн үнэлэмж буруу байгаагаас ажилгүйдлийн түвшин буурахгүй байна. Иймээс ирэх оноос хөдөлмөрийн үнэлэмжийг өөрчилнө, үүнийг цалин нэмэх аргаар биш иргэдээ орон сууцтай болгох замаар өөрчилнө. Ажил хийж байгаа иргэд байр орон сууцтай болох баталгааг бид хангаж өгнө гэв. Түүнчлэн гэр хорооллыг амины орон сууцны хороолол болгон хөгжүүлэх ажил эхэлнэ. Шинэ суурьшлын бүс тогтооно. Үүнд иргэдийн өөрсдийн хүсэл, санаачлагаар амины болон нийтийн орон сууцны холимог хороолол бий болгоно. Боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг иргэдэд ойртуулна. Эхний ээлжинд Баянхошуу, 7 буудлын гэр хорооллыг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр дахин төлөвлөнө. Ашиглалтын хугацаа хэтэрсэн орон сууцыг нурааж, шинээр хороолол барихдаа барилгын доорхи газрыг байр өмчлөгч иргэдэд өмчилж баталгаа гаргах журмаар зохицуулна. Нийслэлийн ногоон байгууламжид зориулж нэлээд төсөв хуваарилсан байгаа. Тоосжилт, утааг бууруулна. “Эрүүл аюулгүй байдлын индекс”- ийн үзүүлэлт гаргана. “Эрүүл аюулгүй байдлын индекс”- ийн үзүүлэлтээрээ тэргүүлсэн хороо, дүүргийн Засаг дарга нарт бүтэн жилийн цалинтай тэнцэх мөнгөн урамшуулал олгох журмаар энэ ажлыг идэвхжүүлнэ гэлээ. Нийгэм эдийн засгийн зорилт болон, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын албан хаагчид шат шатандаа хариуцлагын тогтолцоог хэрэгжүүлж, байгууллага хоорондын уялдаа холбоог сайжруулах нь чухал гэдгийг мөн энэ үеэр онцлон хэллээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч танилцуулгынхаа төгсгөлд Үр хүүхэд, ирээдүй хойчдоо нүүр бардам “Хот шиг хот” хүлээлгэж өгөхийн төлөө хамтран ажиллахыг уриалсан юм.
2011 онд 55,1 тэрбум төгрөгийн санхүүгийн зөрчил гарчээ.
Нийслэлийн Аудитын газрын дарга Цэрэндаш Аудитын газрын шалгалтын дүн мэдээг танилцуулж, байгууллага, аж ахуйн нэгжүүд санхүүгийн тайлангаа алдаагүй, зөв хөтлөж байхыг зөвлөлөө. Нийслэлийн харъяа байгууллагуудын хэмжээнд 2011 онд 55,1 тэрбум төгрөгийн санхүүгийн зөрчил гарсан байна. Энэ нь тухайн оны нийт төсвийн 30 хувийг эзэлж байгаа юм байна. Нийслэлийн өмчид эзний сэтгэлээр хандахгүй байна. Байр түрээслэсний төлбөр 200 гаруй сая төгрөг аваагүй, нийслэлийн өмчийн барилга дээр давхарлаад барилга барьсан байхад мэдээгүй байна. Өмчийн харилцаанд санхүүгийн норматив тогтоох шаардлагатай. Зам засвар арчлалтын компани л гэхэд банкны хүүнээс 3-4 дахин өндөр хүүтэй мөнгө зээлж, 169 сая төгрөгийг хүүнд төлсөн байна. Дотроо зохицуулалт хийх боломж байсан, байгууллага хоорондын уялдаа холбоо муугаас ийм алдагдал хүлээж байна гээд цаашид ийм явдал дахин гаргахгүй байхыг санууллаа.
2012 онд 238,1 тэр бум төгрөгийн хөрөнгө оруулалтыг төлөвлөжээ
Хөрөнгө оруулалтын газрын дарга Очирбат 2012 онд нийслэлд 238,1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт төлөвлөснөөс 87 хувийн хэрэгжилттэй, 40 орчим төгрөгийн буюу 12 ажил үлдсэн. Үүнээс газар болон техникийн нөхцөлийн асуудал шийдэгдээгүйгээс 8 цэцэрлэгийн, 4 хорооны баилгын ажил буцсан байна гэж мэдээллээ.
Авилга, хээл хахуульд өртөхгүй, нэр цэвэр ажиллах үүрэг өглөө.
Зөвөлгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг даргын Санхүү эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа Нийслэлийн харъяа газар, албадын дарга нарт “Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр”, “Нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2013 оны зорилт”-д тулгуурлан төлөвлөгөөгөө яаралтай гаргаж батлуулах, Төрийн үйлчилгээг сайжруулж, авилгын асуудлыг таслан зогсоох, / НЗДТГ-ын албан хаагчид авилгын индексээр тэргүүлдэг гэсэн дүн судалгаа гардаг/ барилга байгууламж зам засварын тендерийг 2-р сарын 1 гэхэд зарлаж, 4-р сарын 1 гэхэд ажил эхлэхээр зохион байгуулах, ажлын уялдаа холбоог сайжруулах, ялангуяа газар доорхи байгууламж ашигладаг УБЦТС, УБДШС, УСУГ, МЦХ зэрэг байгууллагууд ажлын уялдаа холбоогоо сайжруулаарай. Нэг зам тавьчихдаг, дулааны шугам солино гээд тавьсан замаа буулгадаг юм гаргахгүй шүү. Хэрэв ийм байдлаар хөрөнгө алдуулбал хариуцлага тооцно. Хөдөлмөр хамгаалал аюулгүйн ажиллагааг онцгойлон анхаарч хөдөлмөрийн сахилга батыг хэрэгжүүлэн ажиллах, санхүүгийн сахилга зөрчсөн 12 ажилтанд арга хэмжээ авсан байгаа. Автобус-1 компани л гэхэд хашаандаа шатахуун бөөний үнээр авдаг Шатахуун Түгээх станцтай гэтэл тэр станцдаа жижиглэнгийн үнээр бензин авч шахдаг байсан. Хөрөнгө оруулалтын газрын өмнөх дарга ажлаа хүлээлгэж өгөхөөсөө өмнө удирдах байгууллагын зөвшөөрөлгүйгээр ажилчиддаа 30, 30 сая төгрөгийн урамшуулал тараасан зэрэг санхүүгийн зөрчлүүд гарсан. Татварын байгууллага 1 тэрбум 300 сая төгрөгийн татвар аваагүй байна. Иймээс хариуцлагын тогтолцоог бүх шатандаа хэрэгжүүлж, ажлын уялдаа холбоогоо сайжруулж, Нийслэлийн Засаг даргын 2013 оны зорилтыг биелүүлэхэд авилга хээл хахуульд өртөхгүй, нэр цэвэр хамтран ажиллах үүрэг даалгавар өглөө. Энэ бол энэ зөвөлгөөний шийдвэр гэж тэрээр хэллээ гэж Нийслэлийн Хэвлэл Мэдээллийн албанаас мэдээллээ.