Зөвлөлгөөнийг НИТХ-ын дарга Д.Баттулга нээж, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийг индэрт урьлаа. Тэрбээр зөвлөлгөөнд оролцогсдод хандан “Улаанбаатарт 1994 онд 595 мянган хүн амьдарч байжээ. Тэгвэл 2012 оны 11-р сард сая 242 мянган хүнтэй болжээ.Монгол Улсын 5 иргэний 2 нь одоо Улаанбаатарт амьдарч байна гэсэн үг .Нийслэлийн 2020 он хүртлэх ерөнхий төлөвлөгөөг хүн амын динамик өсөлттэй уялдуулан 2003 онд УИХ-аар баталсан байдаг. Гэтэл өнгөрсөн хугацаанд батлагдсан нийслэлийн ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөө мөрдөгдсөнгүй. Ерөнхйи төлөвлөгөө мөрдөгдөхгүй байсан гол шалтгаан бол төлбөрөө хийсэн хэн ч нийслэлд дуртай байршилдаа, дуртай барилга, байшин барих болсонтой холбоотой. Энэ байдлаас гарахын тулд энэ зөвлөгөөнийг зохион байгуулж байгаа юм хэмээн хэлэв.
Зөвлөгөөнд Нийслэлийн Газрын албаны дарга Ч.Батсайхан, НМХГ-ын даргыг түр орлон гүйцэтгэгч М.Ням-Очир нар газар олголт, барилга барихад олгодог зөвшөөрлийн талаар танилцуулга хийж хэлэлцүүллээ. Нийслэлийн Газрын албаны даргын танилцуулгад эхний ээлжинд өнгөрсөн хугацаанд нийслэлийн автозам, нийтийн эзэмшлийн талбайд нийслэл болон дүүргүүдийн Засаг дарга нарын газар эзэмшүүлэх зөвшөөрөл олгосон 40 захирамжийг хүчингүй болгож байгааг дурьдав.
Нийслэлийн цагдаагийн газрын дарга хурандаа Д.Батжаргал,Нийслэлийн Прокурор Б.Бат-Орших, Нийслэлийн Шүүхийн ерөнхий шүүгч Д.Сарантуяа нар үг хэллээ.