logo
Хууль зөрчсөн “Адоре”-тай хөөцөлдсөөр яваад хохирсон эмэгтэйн мэс заслын зардалд 40-өөд сая вон хэрэгтэй болжээ

Хууль зөрчсөн “Адоре”-тай хөөцөлдсөөр яваад хохирсон эмэгтэйн мэс заслын зардалд 40-өөд сая вон хэрэгтэй болжээ

2012/12/15
Зөвшөөрөлгүй баригдсан барилгуудыг нураах тухайгаа хотын захирагч Э.Бат-Үүл албан ёсоор мэдэгдснээс хойш нэлээд хугацаа өнгөрч, хохирсон иргэд түүний ийнхүү хэлсэндээ хэзээ, хэрхэн хүрэхийг тэсэн ядан хүлээж байна. Хотын захиргааныхны тооцоогоор бол нураах барилга 80 гаруй байгаа бололтой. Зарим эх сурвалжууд энэ тоог бас жаахан дарж хэлээд ч байх шиг. Гэхдээ авто зам руу шахаж барьсан барилга зэргийг нь холбогдох хуулийн дагуу яс бүртгэвэл нураах барилга, хашааны тоо үүнээс хэдэн арав дахин өснө. Өөрөөр хэлбэл, хотын захиргааны мэргэжлийн газар, хэлтсүүд үнэндээ Э.Бат-Үүл даргыгаа молигодож дөнгөдөг юм шиг байна лээ. Тэнгис кино театрын урд талд дэлхийд байхгүй усан оргилуур хийнэ хэмээн гайхуулсаар эцэст нь 12 давхар барилга босгохдоо хажуугаар нь явж байсан нэгэн залуугийн толгой дээрээс төмөр унагаж талийгаач болгосон нөхдүүд захиргааны түшмэдтэй хуйвалдан уг барилгаа нураах барилгын жагсаалтаас хасуулчихсан байлаа. Сүүлд нь Э.Бат-Үүл дарга үүнийг мэдээд боож үхэхээ шахтал ууралжээ.

Ерөөсөө төр, засгийн түшмэдийн ажилдаа хандах хандлага иймэрхүү байгаа юм. Хотын ерөнхий архитектор Э.Хүрэлбаатар нь ч бас Э.Бат-Үүлийг Зайсангийн арын луйврын барилга руугаа дагуулж очих гээд өөр барилга дээр аваачиж хууран мэхэлсэн байв. Харин тэр ийм увайгүй үйлдэл хийснийхээ төлөө хариуцлагаа хүлээж, ажлаас хусагдсан юм. Манай сонин тухайн үед энэ талаар мэдээлж, хотын захиргаанд асуудал тавьсныг уншигчид санах буй биз.

Хуулийн дор амьдарч хэвших нь томоор ярих юм бол ардчиллын үнэт зүйлсийн нэг юм билээ. Бүр энгийнээр хэлбэл энэ нь иргэншсэн хүмүүний ёс ажээ. Хотод тэгвэл ийм олон барилгыг хууль зөрчин байж барьсан явдал нь тухайн үеийн дарга нар хуулиа ч, хүмүүний иргэншлийн нандин ёс жудгаа ч үл тоосон хэрэг. Хатуухан яривал төр, захиргааны нөхдүүд иргэдээ дэндүү басамжлан доромжилж буй нь энэ. Ийм муухай үйл явдлуудын мөн чанарыг хотынхон харамсалтай нь их хожуу ухаарч байна. Эмх замбараагүй баригдсан олон барилгууд дунд нь одоо хүүхдийн цэцэрлэг, сургууль, эмнэлэг зэргийг шинээр барих газар олдохоо болилоо. Үүнийг олж харсан гадаадын нэгэн аялагч эр өнгөрсөн намар “Танай энэ хотод авлига, хээх хахууль хэтэрхий гаарчээ. Болж өгвөл та нар ийм хотоос сургамж авч, хойч үедээ харуулж байхын тулд энд нь музей болгож үлдээгээд өөр шинэ газарт, шинэ хот байгуулах хэрэгтэй болсон юм байна” хэмээн доогтойгоор мушилзан инээмсэглэж байлаа. Бид ингэж л дэлхийн шившиж болж буй ажээ.
Хууль бус барилгууд хүний аминд хүрч эхэлсэн талаар бишгүйдээ л шуугицгааж байна. Зарим дарга нар нь албатай юм шиг хүмүүсийг үхсэнийх нь дараа сүр бадруулан телевизээр том том юм ярихдаа үе үеийн хотын захирагч нарын мугуйд, тэнэг шийдвэр гаргаж байсных нь төлөө хүлээлгэх хариуцлагын талаар нэг ч үг унагахгүй юм. Хотын мэр асан М.Энхболд, Ц.Батбаяр, Т.Билэгт Г.Мөнхбаяр гээд олон хүнтэй тооцоо бодох ёстой юм л даа, уг нь. Жишээ нь, тэдгээр эрхмүүдийн гайгаар эрүүл мэндээрээ хохирсон Б.Түвшинбаяр гэдэг эмэгтэйн тухай зориуд онцолмоор байна, энд. Тэрбээр Хан-Уул дүүргийн нэгдүгээр хорооны 14 дүгээр байранд 2003 оноос амьдарч байгаа ажээ. Урьд нь нисэхийн цаг уурын албанд инженерээр ажиллаж байж. 1990 оноос хойшхи ороо бусгаа цагийн эрхээр ажилгүй болж ч үзжээ. Амьдрахын тулд хүн ер нь юу эсийг хийх билээ дээ, хулгай хийж, худал хэлэхгүйгээр, хуулиа сахиад амь зуух арга олддог л юм чинь. Тиймээс тэр гэртээ зүгээр суусангүй. Франц, Швед рүү гарч хар бор ажил хийж үзжээ. Тэгээд тэндээс олж ирсэн хэдэн төгрөгөөрөө байр худалдаж авсан нь энэ байв. Гэвч дараа жилээс нь түүний цонхыг тагласан том, өндөр барилга баригдаж эхлэх тэр ээ. Хажуугийн 15 дугаар байрны захын орц, өөрийнх нь байрны захын орцтой хамт тэр чигтээ таглагдаж, нарны гэрэл тусахаа больжээ. Үндсэндээ энэ хоёр байрны 10 гаруй айл өрх ийнхүү өдрийн цагаар ч чийдэнгээ асаагаад сууж байхаас өөр замгүй болсон байна.
Тэнд Герман, Монголын хамтарсан компани гэх “Adore propertiez” буюу манайхны нэрлэж заншсанаар “Адоре” нь зочид буудлын зориулалтаар 2006 оны зунаас барилгын ажлаа эхлүүлжээ. Оршин суугчид зөвшөөрсөнгүй. Мэдээж, газар олголт, барилгын зураг төсөл, бусад зөвшөөрлүүдийг ихэвчлэн дээгүүрээ хуйвалдаад хийчихсэн нь илэрхий тул аргагүй юм. Тэгээд ч үүрээ хөндүүлсэн шоргоолж хүртэл бужигналдаж гардаг хойно доо. Ингээд бөөн зарга үүсэв ээ. Барилга нь ч баригдсаар. Хоёр байрны урд талд зургаа, долоохон метр зайд зочид буудлын 13 давхар барилга баригдав. Мөн энэ хоёр байрны дунд 33 сантиметр зайтай тулгаад хоёр давхар, доороо гражтай, тэрхүү зочид будлаасаа дамжаад ордог хүзүүвч маягийн байр ч бас барьжээ. Ийнхүү 14, 15 дугаар байрны хоёр орцон дахь айлууд аль ч талаасаа нар үзэхээ болив. Луйврын энэ барилгын ажил эхлээд удаагүй байхад уг нь Мэргэжлийн хяналтынхан, Онцгой байдлын Ерөнхий газрынхан цөмөөрөө л очиж харсан, ялангуяа Онцгойгийнхон барилгын ажлаа шууд зогсоохыг “Адоре”-д шаардсан байлаа. Гэсэн ч зогссонгүй. Тэр бүү хэл, тухайн үед УИХ-д Хан-Уулаас нэр дэвшин сонгогдсон Сангийн сайд асан Баяртсайхан иргэдийн эрх ашгийг хамгаалахын оронд бүр бандан хутгаж, нэг болохоор барилыг зогсоох нураах юм яриад, нөгөө компани дээр нь очоод “Барихыг зөвшөөрөх нь зөв юм байна” гэх мэтээр алиалж явжээ. Хотын мэр асан Ц.Батбаяр ч мөн тэнд өөрөө гүйж очоод “Хууль бус барилга байна. Зогсоо” гэснээ төдхөн чимээгүй болж, хожим нь далдуур зөвшөөрчихсөн байв.
“Адоре” компанийн захиалгаар энэхүү “G.M.V” гэдэг зочид буудлын барилга архитекторын зургийг хийсэн “Ти энд Жи” компани ч барилгын норм дүрмийг ноцтойгоор зөрчсөн тул Онцгой байдлын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын байгууллага аль аль нь хориг тавихаас өөр замгүй байжээ. Гэвч хуулийг уландаа гишгэсэн эрхмүүд нь иргэний шүүх, захиргааны шүүх хоёрын дунд баахан цаг авч, оршин суугчдыг төөрөгдүүлж байв. Энэ хооронд тэд барилгаа улам ахиулсаар, гурван шатны шүүх иргэдийн талд шийдвэрээ гаргах үед зочид буудал нь ч, хоёр давхар хүзүүвч барилга нь ч баригдаж дуусчээ. Явцад нь СӨХ-ны дарга, нягтлан бодогч нар нь ч “Адоре”-гийн захирлуудаас сая саяар нь мөнгө аваад алга болсон гэдэг. Түүгээр зогсохгүй цонхоо таглуулсан айлуудаас “Адоре”-гийн ятгалгад өртөж, өгсөн мөнгө төгрөгийг аван амаа хамхисан гутамшигтай зүйл ч тохиолджээ. Нэг үгээр хэлбэл, хуулийн эсрэг ажилласан компанийн эздийн өгсөн нэг сая орчим төгрөгт тэд хууртагдаж, эрүүл мэнд, аз жаргалтай амьдарлаа золиослоход хүрчээ. Хүмүүсийн ийм арчаагүй байдлыг хараад Б.Түвшинбаяр үнэндээ шөнө нойр нь хүрэхээ больж, “Адоре”-гийн эсрэг чадах бүхнээ хийхээр шийдсэн байлаа.Хэргийн эзэн Х.Анхбаяр ба даган баясагчидГерман, Монголыг дамнуулсан бизнес рүү хөл тавьж орсон Х.Анхбаяр гэгчийн лайгаар өнөөдөр Б.Түвшинбаяр эрүүл мэндээрээ хохирчихоод яваа ажээ. Оршин суугчдынхаа өмнөөс тэр л бараг ганцаараа шахуу холбогдох бүх газруудад нь гомдол тавьж, шүүх хурлуудад нэхэмжлэгчээр орж байв. Нэг удаа анхан шатны шүүх хурал болохоос хэд хоногийн өмнө тэр байрны шат руу савж унаад хөлөө гэмтээжээ. Гэсэн ч таяг тулсаар шүүх хуралд нь очиж, нийтийн эрх ашгийн төлөө дуу хоолойгоо шүүгч нарт хүргэж чадсан байна. Энэ хурлаар тэр оршин суугчдынхаа эрх ашгийн талаар төлөө шийдвэр гаргуулж чаджээ. Захиргааны хэргийн шүүх бүрэлдэхүүн ч асуудалд хуулийн дагуу шударга хандсан байлаа. Гэвч яван явсаар үнэнд гүйцэгдсэн “Адоре”-гийн Монголын талыг хариуцсан захирал Х.Анхбаяр гэгч нь Б.Түвшинбаяр руу хүмүүсээ байн байн илгээж, гэрийнх нь хаалга руу элс, шингэн зүйлс олонтоо цацуулжээ. Өглөө гэрээс гараад харах тоолонд нь шахуу түүний хаалга алаг эрээн болсон байдаг байв. Ухаандаа, Х.Анхбаяр элдэв бөө, лам нэртэй хүмүүсээр хараал жатга хийлгэж байсан юм байхаа. Үнэхээр үүнээс нь ч болсон уу, Б.Түвшинбаяр дахиад шатнаас унажээ. Ийнхүү унаж туссанаас болоод одоо түүний хоёр хөл байнгын өвчтэйн дээр нурууных нь дөрөв, тавдугаар үе гэмтсэн байна. Мэргэжлийн эмч нар түүнд зайлшгүй мэс засал хийхээс нааш эдгэхгүй гэжээ. Манайд нурууны мэс заслаар дагнасан сайн мэс засалчид байдаг хэдий ч урьд өмнөх мэс ажиллабарууд нь тийм ч өндөр үр дүнтэй болж байгаагүй бололтой. Тиймээс Б.Түвшинбаяр арга буюу Солонгос улсад очиж мэс засал хийлгэхийг хүсч буй ажээ. Гэтэл зардал өндөртэй. Зөвхөн мэс засалд 18 сая вон төлөх юм байна. Хагалгааны дараах эмчилгээ сувилгаа болон бусад зардлыг тооцохгүйгээр шүү дээ. Тэр бүгдийг тооцвол бараг 40 сая хүрэх биз. Хэрвээ тэр орон сууцныхаа хэвийн нөхцлийг хангах, хууль бус барилыг зогсоох, бүр нураах хүртэл тийнхүү тэмцэлгүйгээр бусдын адил Х.Анхбаяр нарын өгсөн нэг сая орчим төгрөгийг нь аваад чимээгүйхэн суусан бол өнөөдөр эрүүл саруул явж байх байсан болов уу. Гэвч тэгж амин хувиа хичээж, хууль зөрчигдийг хараад зүгээр суухыг хүссэнгүй. Наад зах нь Нийслэлийн Газрын албаны ажилтан Ариунгэрэл мэтийн хүмүүсийн “Танай байрны гадаа барьж буй барилга хууль ёсных юм байна” хэмээн улаан цайм гөрдөснийх нь өөдөөс өрвөлзөн босохоос аргагүй байжээ. Ер нь түүнийг даажигнаж, Х.Анхбаярын гар хөл болсон хүн олон юм байв. Барилга хот байгуулалт, төлөвлөлтийн газрын орлогч М.Цэрэндорж гэдэг нөхөр 2008 оны дөрвөн сард хотын мэр асан М.Энхболдын гаргасан 2004 оны 455 тоот захирамж /дээрх барилгыг зөвшөөрсөн захирамж/ нь “хууль ёсны бичиг баримт” хэмээн цуурч ихээхэн гай тарьжээ. Энэ мэтийн алиа салбадайнууд мундсангүй. Х.Энхбаярын зочид буудал, хоёр давхар хүзүүьч барилгын гүйцэтгэгчээр ажилласан Оросын “Инкон” компани ч бас манай нөлөө бүхий улс төрчидтэй холбоотой гэсэн мэдээлэл байна. Тухайлбал, “Бодь” группын захирал Зоригт, өнөөгийн Гадаад харилцааны сайд Л.Болд нарын нэр ч энд дуулдана. “Инкон” компанийн хувь эзэмшигч нь Бодь” групп гэх. Тэгэхээр Бодь”-ийг энэ хоёр хүнгүйгээр төсөөлөх аргагүй. Тиймээс Л.Болд сайд түрүү, түрүүчийн сонгуулийн үеэр иргэд сонгогчидтойгоо уулзахдаа 14,15 дугаар байрыг тойрч өнгөрөөд л яваад байсан гэнэ. Харин тэр хожим гурван шатны шүүхийн шийдвэр хэрэгжихгүй, нэгэнт хууль бусаар барьсан барилгаа нураахгүй байгаад байхаар нь гомдол тавьсан Б.Түвшинбаярын бичгийн хариу болгож шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллага руу “Үүнийг шийд” гэсэн утгатай цаасаа илгээгээд чимээгүй болжээ. Ерөөсөө л манай дарга нарын хийдэг ажил нь бие бие рүүгээ болсон болоогүй баахан цаас чулуудах. Тиймээс ч Х.Анхбаяр гэгчийг тэд хэтэрхий давраажээ. Тэрбээр гадаадынханд Монголдоо бүү хэл дэлхийд ховордсон ан амьтан агнахад зуучилж мөнгө тоншохоос гадна уул уурхайн бизнес ч эрхэлдэг бололтой.

Э.Бат-Үүл одоо долоон тэрбумын өртгөөр боссон гэх энэ барилгыг нурааж чадах уу

Засаг захиргаа нь иргэдээ хохироосон эсэхийг нэг мөр хянаж шийддэг Захиргааны хэргийн шүүхийг байгуулаад нэлээд хэдэн жил өнгөрчээ. Хаа очиж энэ шүүх иргэдийнхээ эрх ашгийг дээдэлж, захиргааны эрхмүүдийн хууль бус шийдвэрүүдийг цуцалж чадаж байна. Хэрвээ Нийслэлийн засаг даргын 2002 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 558 тоот захирамжаар иргэн Р.Бадрал гэгчид 490 метр квадрат газрыг контор, зочид буудлын зориулалтаар олгосныг 2004 онд 455 тоот захирамжаар өөрчлөн Х.Анхбаяр, Л.Чимгээ нарт 1320 метр квадрат болгож өсгөөд өгчихсөнийг гурван шатны шүүх цуцлаагүй бол 14,15 дугаар байрны тэдгээр 10 гаруй айл өрх төдийгүй эрүүл ухаантай хүн бүхэн шүүх засаглалд бүрэн итгэхээ болих байсан болов уу. Гэхдээ одоо шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажил энд хүлээгдсээр байгаа ажээ. Өнгөрсөн 10 дугаар сард харин Э.Бат-Үүл тус барилга дээр өөрийн биеэр очиж хараад “Үүнийг ямар ч байсан нурааж таарна. Гагцхүү яаж гэдэг нь бидний асуудал юм” гэжээ. Энэ сайн хэрэг. Хотын захирагч л ийм зүйлийг өөрөө бие даан шийдэх учиртай байх. Харамсалтай нь хуулиар бол зөвшөөрөлгүй барилга барьсан компани өөрийнхөө хөрөнгөөр нураах ёстой. Гэтэл үүндээ тулаад ирэхээр “Адоре” компани олдохоо больчихжээ” гэсэн сонин юм яриад сууж байх юм, шүүхийн шийдвэр гүйцэтгэгчид нь. Энүүн шиг худал зүйл үгүй болов уу. Олдож таарна. Олсон цагт нь хотын захирагч “Адоре”-тай “Нэг бол нийслэлийн өмчид наад барилыг чинь хурааж авна” гэж ярьж магадгүй. Эсвэл нийслэлийн хөрөнгөөр шууд буулгаж хаяад гарсан зардлыг нь тус компаниар төлүүлэх байх. Ингэсэн нөхцөлд нийслэлийн захиргаа дахин шүүхдэлцэх биз. Ямартай ч Э.Бат-Үүл хэлсэндээ хүрэхээс өөр замгүй. Ер нь зөвшөөрөлгүй барилгуудыг эхнээс нь нураагаад, төлбөрийг төлүүлбэл цааш цаашдаа шударга ёсны жинхэнэ үлгэр дууриалал болох нь гарцаагүй л дээ. Нийслэлийн захиргаа хууль бус барилгуудын өмчилж аваад иргэддээ сууц болгож өгснийхөө дараа хувьчилахад бас болохгүй юм алга. Яасан ч гэсэн эцэст нь Б.Түвшинбар мэтийн эрүүл мэндээрээ хохирсон хүмүүсийн хохирлыг барагдуулах, зөвхөн “Адоре”-гийн хувьд гэхэд тэдний долоон тэрбумаар барьсан гээд байгаа өндөр өртөг зардлыг яаж тооцох гээд олон асуудлыг аль болох зохистой хувилбараар шийдэх хэрэгтэй болоод байна. Гэхдээ хууль бусыг хийсэн хүмүүстэй алдагдал нөхөх энээ тэрээ юм яриад суух нь ч бас илүүц биз ээ. Юутай ч хүмүүс өнөөдөр Э.Бат-Үүл рүү “Та үнэхээр нурааж чадах уу” гэсэн янзтай сониучхан, тэгсэн хэрээ “Хэлсэндээ байгаарай” гэж хатуу тулгасан харцаар ширтэж байна.

Б.Отгонбаяр
cropped-header
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш