logo
Ирэх онд зургаан аймгийн төвийг хатуу хучилттай авто замаар холбоно

Ирэх онд зургаан аймгийн төвийг хатуу хучилттай авто замаар холбоно

2012/12/17

Шинэчлэлийн Засгийн газрын 2013 оны гол зорилтуудын тэргүүнд бүтээн байгуулалтын ажлууд багтаж байгаа. 2015 он хүртэл бүх аймгийн төвийг хатуу хучилттай замаар холбох төлөвлөгөөг Засгийн газраас баталж, энэ дагуу ирэх онд Дорнод, Дундговь, Дорноговь, Өмнөговь, Баянхонгор, Хөвсгөл гэсэн аймгуудыг холбох юм. Ирэх онд бүрэн дуусгах зүүн бүсийн эдгээр зургаан аймгийн замын ажлын гүйцэтгэл, явц, шийдвэрлэх шаардлагатай асуудлын талаар тодорхой мэдээлэл авахаар Зам тээврийн яамнаас гүйцэтгэгч компаниудыг цуглуулан уулзлаа. Уулзалтад Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцож, тодорхой асуудлуудаар үүрэг чиглэл өгөв. Дээрх зургаан аймгийн замын бүтээн байгуулалтын ажлын төлөвлөгөө тодорхой гарсан, гүйцэтгэгч компаниудыг шалгаруулан гэрээ байгуулсан, ажлын явц жигдэрсэн байна. Зөвхөн гурван хэсэгт, тодруулбал нийт 186 км зам барих гүйцэтгэгч тодроогүй, ажлыг хариуцан хийх эзэнгүй байгааг Зам тээврийн сайд А.Гансүх танилцуулсан. “Шинэчлэлийн Засгийн газар маш богино хугацаанд хэд хэдэн эх үүсвэрээр хөрөнгө бүрдүүлсэн, одоо ажилдаа шуурхай орно. Ирэх онд хийх ажлаа урьдчилан нягтлан ярьж, асуудал бэрхшээлээ шат шатандаа арилгахыг чухалчилж байна” хэмээн Ерөнхий сайд онцлоод, 2013 онд ашиглалтад хүлээн авах замуудыг хугацаандаа ашиглалтад хүлээлгэн өгч чадах эсэх, саад бий эсэхийг гүйцэтгэгч тус бүрээс тодрууллаа. Гүйцэтгэгч компаниудын зүгээс банкны зээлийн хүү, барьцаа хөрөнгийн баталгаа, техник болон ажиллах хүчин гаднаас оруулж ирэх зөвшөөрөл, тэр ч байтугай Монголын цаг агаарын нөхцлийн бэрхшээлээс үүдэн зам барилгын ажлаа цагт нь хүлээлгэн өгч чадахгүйд хүрдгийг тайлбарлаж байв. Харин Ерөнхий сайд “Тендерт оролцохоор саналаа ирүүлэхдээ л та бүхэн энэ асуудлаа шийдсэн байх ёстой. Тов хугацаатай гэрээ байгуулчихаад энэ мэт жижиг шалтаг ярьж хариуцлагаас хойш суухыг манай Засгийн газар зөвшөөрөхгүй шүү. Бороо цас ирэх жил ч орно. Үүнээс шалтгаалан ажлаа удаашруулдаг бол, хүчин чадал чинь хүрэхгүй байгаа бол эртхэн гэрээгээ цуцалж, чадах нэгэнд шилжүүлээрэй” хэмээн хатуухан шаардлага тавилаа.

Өөрсдийн хариуцчих бэрхшээлээ биш харин бодлогын түвшинд яаралтай шийдэх асуудал юу байгааг, эсвэл төрийн байгууллагын аль шатанд хүндрэл үүсгээд байгааг тодорхой хэлэхийг гүйцэтгэгч компаниудаас Засгийн газрын тэргүүн хүссэн юм. Замаа барьж хүлээлгээд өгчихсөн байхад санхүүжилтийг нь нөхөн олгохгүй удаашруулдаг талаар тэдний цөөнгүй нь хэллээ. Ерөнхий сайд Н.Алтанхуяг энэ тухайд, Хөгжлийн банкин дээр ямар шалтгаанаас гацаа үүссэнийг тодруулж, ажлын гүйцэтгэлээ хүлээлгэн өгсөн компаниудын санхүүжилтийг яаралтай шилжүүлэх асуудлыг ажлын хэсэг гарган богино хугацаанд шийдвэрлэнэ гэлээ. Тэрбээр төрийн аль нэг байгууллагын зүгээс хүнд суртал гаргаж гацаа үүсгэж байвал ил тод мэдээлж байхыг замын салбарынханд захиж, Шинэчлэлийн Засгийн газрын үед авлига, хээл хахууль гэж байх ёсгүйг санууллаа. Тэрчлэн, Ерөнхий сайд гэрээгээр хүлээсэн үүргээ чанартай биелүүлж, хариуцсан замуудаа тогтоосон хугацаанд ашиглалтад хүлээлгэн өгөх амлалтыг гүйцэтгэгч компаниудын удирдлагуудаас авсан юм. 

Засгийн газрын тэргүүн энэ уулзалтад зам, бүтээн байгуулалтын ажилтай уялдаа холбоотой ажилладаг төрийн болон бизнесийн байгууллагын удирдлагуудыг байлцууллаа. Эдийн засгийн хөгжлийн яам, Сангийн яам, Хөгжлийн банк, Батлан хамгаалах яамныхан замын бүтээн байгуулалтын ажилд гол оролцоотой ажиллах юм. Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр уулзалтын үеэр замын салбарынханд хандан “Ирэх жилүүдэд зам, бүтээн байгуулалтад хамгийн их төсөв зарцуулахаар хөрөнгөө бүрдүүлчихээд байна. Одоо бид ажлыг удаадаг, гацаадаг тогтолцоогоо өөрчилж, төрийн хүнд суртлыг шат шатандаа хална. Энэ хэрээрээ бид гүйцэтгэгчиддээ өндөр хяналт тавьж ажиллана. Цаашдаа замыг он дамнуулж биш тухайн ондоо барьж дуусгахыг, мөн дотоодын ажиллах хүч, цэрэг армийнхныг энэ салбарын ажилд түлхүү татан оруулах хичээх болно” гэв. Харин ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг “Хөдөөд хяналт сул, иргэдийн шахалт шаардлагаас хол учраас танай салбарынхан орон нутгийн замын ажил гүйцэтгэх илүү сонирхолтой байдаг гэсэн. Энэ байдал өөрчлөгдөнө шүү. Аль замын ажил ямар шатанд яваа, хэр хариуцлагатай, чанартай гүйцэтгэлтэй ажиллаж байгааг байнга хянаж, мэдээллийг нь ил тод байлгана. Иргэдийн хяналтыг ч дээшлүүлнэ” гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш