Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороо, Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба, Монгол Улсын Засгийн газрын тусгай сан “Цэвэр агаарын сан” болон хэвлэл мэдээллийн байгууллагууд агаарын бохирдлыг бууруулахад хамтран ажиллахаар боллоо. Агаарын бохирдлыг бууруулахтай холбоотой гарсан аливаа тогтоол, шийдвэр болоод түүний хэрэгжилтийг олон нийтэд үнэн бодитоор мэдээлэх, агаарын бохирдлоос урьдчилан сэргийлэх, цэвэр агаарыг хамгаалах талаар хамтын ажиллагаагаа идэвхижүүлж, хэвлэл мэдээллийн байгууллагуудын нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэн ажиллах санамж бичигт 17 телевиз, 30 сайт, 15 сонины эрхлэгч, захирал нар гарын үсэг зурж, хамтран ажиллахаа илэрхийлээд байна.
Ингэснээр агаарын бохирдлоос урьдчилан сэргийлэх, агаар бохирдуулах бодисын хаягдлыг бууруулж, хяналт тавихтай холбоотой арга хэмжээнүүдийг тухай бүрт нь шуурхай мэдээлэх ажлыг хэвлэл мэдээллийн байгууллагууд зохион байгуулж ажиллана. Мөн агаарын бохирдлыг бууруулах, агаар бохирдуулахаас урьдчилан сэргийлэх талаар иргэд, олон нийтэд зөв ойлголт өгөх, тэдний оролцоог нэмэгдүүлэхэд өөрсдийн хувь нэмрийг оруулах юм.
Агаарын бохирдол өмнөх жилүүдээс тодорхой хувиар буурч байгааг судалгаанаас харж болно. Нийслэлийн хэмжээнд 180 гаруй мянган айл өрх гэр хороололд байгаагаас 98 мянган өрхийн зуухыг солиод байна. 2013 оны 3 дугаар сар гэхэд 140 мянган айлын зуухыг шинэчлэх бол 2014 оны эхний улиралд гэр хорооллын бүх айлыг сайжруулсан зуухаар хангана хэмжээн тооцоолжээ. Агаарын чанарыг сайжруулж, утааг багасгахаар шалны халаагуур, гэрийн дулаалга, сайжруулсан зуух, боловсруулсан түлш нийлүүлэх зэрэг ажлуудыг тогтмол зохион байгуулж ирсэн боловч хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллахад учир дутагдал байсан учраас иргэдэд ташаа мэдээ, мэдээлэл хүргэх явдал гарч байсан ажээ. Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга П.Цагаан хэлэхдээ судлаачдын тогтоосноор гэр хорооллын айл өрхүүд хуримтлуулсан дулааныхаа 50-55 хувийг хаалга, цонх, дээвэр, таазаараа алддаг. Тиймээс утааг бууруулахад дулаалгыг хөндөхгүй байхын аргагүй. Бид энэ намар дулаалгын өдрийг зохион байгуулсан боловч хэвлэл мэдээллийн хэрэгслээр аргаа яджээ гээд ташаа мэдээлэл гарч байсан. Тиймээс зөв мэдээлэлтэй байж, иргэдэд бодит мэдээлэл хүргэх хэрэгтэй гэсэн юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.