logo
Г.Эрдэнэтөгс: Аюулгүй ажиллагаа гэхээр маш том юм бодоод байх хэрэггүй л дээ. Зүгээр л жижигхээн юмыг л зөв хийх ёстой

Г.Эрдэнэтөгс: Аюулгүй ажиллагаа гэхээр маш том юм бодоод байх хэрэггүй л дээ. Зүгээр л жижигхээн юмыг л зөв хийх ёстой

2012/12/19
МХЕГ-ын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын хэлтсийн дарга Г.Эрдэнэтөгстэй ярилцлаа.
Сурв: -Өдрийн мэнд хүргэе. Сүүлийн үед хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа зөрчсөнөөс үүдэлтэйгээр барилгын салбарт осол нилээд гарсан. Тэнд ажиллаж байгаа инженер, даамал, барилгын ажилчдад аюулгүй ажиллагааны дүрэм журмаа мөрдөж ажиллахтай холбоотойгоор үзэж харах ном, хэвлэмэл материал хэр хангалттай байдаг юм бол.

Г.Э: -Сүүлийн жилүүдэд барилгын салбар үсрэнгүй хөгжиж байгаа. Эдийн засгийн хувьд ч гэсэн улсад оруулж байгаа хувь нэмэр ч гэсэн өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байна. Үүнтэй холбоотойгоор барилгын салбарт ажил үйлчилгээ эрхэлдэг хүмүүсийн тоо, хэрэглэдэг тоног төхөөрөмж, технологи өөрчлөгдөж байна. Барилгын салбар хөгжихийн хэрээр тэнд ажиллаж байгаа ажиллагсдын тоо, барилгын ажлын хүрээ тэлж, обьем томорч байна гэсэн үг шүү дээ. Ингэхээр юу дутагдаад эхэлсэн бэ гэхээр барилгын салбар дахь хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангах талаар их хүндрэлтэй болж эхэлсэн. Яагаад гэвэл манайд барилгын салбарт ажил үйлчилгээ явуулж байгаа хүмүүс ихэнх нь туслан гүйцэтгэгч/мэргэжлийн/, мэргэжлийн бус хүмүүстэй, шаардлага хангасан, хангаагүй тоног төхөөрөмжийг ашиглаад байна.

Тэгэхээр бидэнд осол аваариас урьдчилан сэргийлэх соёл, аюулгүй ажиллах, энэ арга барилд суралцах ажил дутагдаад байгаа юм. Үүнд бид хувь нэмэр оруулах үүднээс, барилгын салбарын ажилчид болон энэ ажлыг хариуцдаг ХАБ-ын инженер техникийн ажилтанууд, ажил олгогч нарт зориулан барилгын салбарын ажилбар бүрээр тооцсон “Эрсдэлийн үнэлгээний аргачлал” аргазүйн гарын авлага гаргаад байна. Энэ гарын авлагыг барилгын салбарт мөрдөгдөж байгаа сүүлийн үеийн стандарт, норм дүрэм мөн аюулгүй ажиллагааны чиглэлээр амжилт олсон БНСУ-ын туршлага дээр үндэслэсэн юм. Энэ номд  эрсдэлийг яаж үнэлэх вэ, аюул осолгүй яаж ажиллах вэ, яаж урьдчилан сэргийлэх вэ гэдэг талаар түлхүү тусгахыг хичээсэн болно. Энд хүнээс шалтгаалдаг аюул осолтой холбоотой хүчин зүйлсүүдийг, дээр нь удирдлагын зүгээс анхаарах хүчин зүйлүүдийг, тоног төхөөрөмжтэй холбоотой осол аваариас урьдчилан сэргийлэх ажлын талаар дурьдсан байгаа. Мөн эд материал зөөх, оруулах, дээш нь доош нь буулгаж тээвэрлэхээс авахуулаад анхаарах хүчин зүйлүүдийг гаргасан. За тэгээд сүүлийн үед Монголд гараад байгаа ижил төстэй ослын талаар ч багтаасан. Цаашлаад сүүлийн жилүүдэд гарсан осол аваари, тэндээс сургамж авч яаж урьдчилан сэргийлдэг юм бэ, дэлхий нийтэд ямар арга туршлага байдаг юм бэ, тэр тусмаа БНСУ-д ямар туршлага байдаг юм бэ гэдгийг энэ номонд дэлгэрэнгүй үзүүлсэн.

dsc 3592Энэхүү 2 боть номонд 18000 гаруй ослын судалгаанд үнэлэлт дүгнэлт өгч, барилгын 51 үндсэн гол ажлын 171 ажилбар бүрийн эрсдэлийг нь үнэлээд зэрэглэл тогтоож, урьдчилан сэргийлэх арга замыг нь заасан БНСУ-ын хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн хууль, дүрмийг орчуулан оруулсан юм.

Ер  нь бол манайх ГОСТ гэдэг хуучин орос ах нарын  хөдөлмөр хамгааллын дүрэм журмаар л явж байгаа. Энийг барилгын салбарынхан, мэргэжлийн хүмүүс нь ч өөрснөө “энэ  дүрэм журам хоцрогдчихжээ” гээд л хэлээд байгаа шүү дээ. Тэгэхдээ дүрэм журам байхгүй биш, байгаа л даа. Гэтэл яг практик дээр ажилбар бүр дээр аюулгүй ажиллагааны горимууд алдагдаад байгаа байхгүй юу. Технологио дагаад түүний дагуу гүйцэтгэх горим нь өөрчлөгдчихөөд байна. Үнэндээ техник өөрчлөгдөхөд горим өөрчлөгдөнө. Технологи өөрчлөгдөхөд бас горим өөрчлөгдөнө. Тийм учраас аюулгүй ажиллагааны горим дээр суурилсан аюулгүй ажиллагааны зааварчилга номыг хоёр жил гаруйн хугацаанд бид хамтдаа  бүтээлээ.

Сурв: -Барилгын салбар дээр өнөөдөр хэрэглэж байгаа 170 гаруй ажилбар дээр хийсэн гэлээ. Тэгвэл сүүлийн үед манайд гарч байгаа осол аваарь, зөрчлүүд энэ номонд яаж тусгагдсан байна вэ

Г.Э: -Яг 171 ажилбар байгаа юм. Ажилбар бүр дээр осол гарч байсан тоог нь судлаад, ажилбар бүр дээр нь эрсдлийн үнэлгээг нь гаргаад хүчин зүйл шалтгаанд нь зэрэглэл тогтоосон учраас ямар осол ямар шалтгаанаар гарч байсан, энэ ослыг арилгахын тулд ямар зүйл хийх ёстой юм бэ гэдгийг л заагаад өгчихөж байгаа юм.

Өөрөөр хэлбэл урьдчилаад сануулаад хэлээд өгчихөж байгаа юм. Тухайлбал манайхан ерөөсөө тоодоггүй нэг ажил байдаг. Барилга барихын тулд эхлээд төлөвлөх ёстой, мөнгө төгрөгөө олох ёстой. За тэгээд бүх юм нь бэлэн болоод зураг төслөө бэлдээд, экспертизээр батлуулаад барилга эхлэхэд яах бэ гэхээр тэр барилгыг барихад зориулагдсан түр барилга байгууламж, орц гарцын асуудлаас эхэлдэг. Жишээ нь оффисийн түр барилга, удирдах инженер техникийн ажилтангууд хаана байрлах юм, энийгээ эхлэж барьдаг. Тэгээд тэндээ цахилгаан татахаас эхлээд тэдний ариун цэврийн асуудлыг шийдэх, ажилчдын хоолны газрыг шийдэхээс авахуулаад ажилчны бие засах газрыг яаж шийддэг юм бэ гээд, энэ ажилбаруудыг хийхэд аюулгүй ажиллагааг яаж хангаж өгөх ёстой юм. Дараа нь барилгынхаа хашааг барина. Гадны хүн нэвтрээд байхгүй, яагаад ингэж хязгаарлалт тавьдаг нь юу юм бэ гэхээр манайхан шиг  гудамжинд явж байсан хүнийг осолдуулахгүйн тулд ингэж хашаа, хамгаалалт хийж эхэлдэг. Тэгээд аюултай бүс энэ тэрийг тогтоох, нийтийн эзэмшилийн талбайд бол хүчитгэсэн хамгаалалтууд хийх энэ ажлаас л эхлэж байгаа юм. Тэгээд цаашлах юм бол өндрийн ажил гэхэд л бид ерөнхий л өндрийн ажил гээд дүрэм яриад байдаг, БНбД дээр байгаа л даа. Гэхдээ ажилбар бүр дээр маш нарийн юм.

dsc 3601Жишээ нь өөрөө өргөгч шатан дээр ажиллах аюулгүй ажиллагаа. Энэ дээр ямар эрсдэл байдаг юм, яаж тоног төхөөрөмжийнхөө аюулгүй ажиллагааг шалгах юм. Тэрийг нь хэн шалгадаг юм, хэдэн удаа шалгадаг, өдөр тутмын үзлэгийг яаж хийдэг, тэгээд яаж аюулгүй ажиллах ёстой вэ. Яаж өргөж буулгах,  ажилдаа яаж орж, гарах ёстой вэ гээд тэр байтугай барилгын орц гарцнаас авахуулаад бүх ажилбар дээр гардаг эрсдэлүүдийг дурьдаад түүнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг, норм дүрэмтэй уяалдуулан, мөн гарч байсан томоохон ослын бодит жишээг багтаасан нь сургамж болох учиртай юм. Манайд ч гардаг ослыг, Солонгосд гардаг ослын жишээтэй нь тавиад тэрнээс гарах арга замыг нь заагаад өгчихсөн ийм л аргазүйн зөвлөмж ном юм.

Сурв: -БНСУ-ын дүрэм журмыг судлаад хийж байх явцад тэнд гардаг осол, бас дүрэм журам манай улсад тохиолддог осол аваарь, дүрэм журамтай зөрж байгаа нь юу байна, бас нийцэж байгаа нь юу байна вэ

Г.Э: -БНСУ барилгын салбарын аюулгүй ажиллагаагаар дэлхийд, азид тэргүүлэх байр суурийг эзэлдэг. Тэнд 63 давхар барилгаас эхлээд орон сууцнуудыг бүхэл бүтэн хорооллоор нь барьж байна. Бидэн шиг биш юм. Бүхэл бүтэн хорооллоор нь нэгэн зэрэг ашиглалтад өгч байх юм. Гэтэл манайхан нэг барилга барьж хүнээ оруулчихаад яг хажууд нь хоёр дахь барилгаа барьж байна. Хэцүү шүү дээрээс тоосго унаж алчих гээд. Тэднийх хорооллоор нь зам, цахилгаан, ус, ахуй хангамж тэр байтугай сургууль, цэцэрлэг, хүнсний худалдаа болон бусад үйлчилгээг шийдсэний дараа хүмүүсээ оруулдаг байна. Бид БНСУ-д энэ номыг судалж явахдаа орон сууцны 55 давхар барилга дээр очиж үзсэн. Гэтэл тэнд бол асар олон байшин бэлэн болчихсон харин зам, холбоо, хүнсний худалдааных нь хэсэг нь арай дуусаагүй байсан. Бүгдийг дууссаны дараа энэ хорооллыг бүхэлд нь ашиглалтанд өгнө гэж ярьж байсан. Тэрнээс биш нэг орцыг нь ашиглалтанд өгч айлаа оруулчихаад хоёрдахь орцыг нь ашиглалтанд оруулдаггүй юм байна.

Тэгэхээр тэнд барилгын салбарын аюулгүй ажиллагаа, ногоон бүс энэ тэрээрээ бол дэлхийд толгой цохиж яваа улс. Тэгээд ч бидэнд ойрхон, нуруу туруу, царай зүс адилхан ойролцоо. Яахав уур амьсгалын хувьд жаахан зөрүүтэй ч гэсэн хүний хэмжээнүүд нь адилхан учраас  аюулгүй ажиллагааны багаж тоног төхөөрөмж, нэг бүрийн хамгаалах хэрэгсэл нь хүртэл яг таарч байгаа юм. Бид Солонгосоос авсан хамгаалах хэрэгслийг шууд хэрэглэж болж байгаа бол Европынх болохоор нүд хоорондын зай, хамрын өндөр, толгойн хэмжээ, нурууны өндрөөс шалтгаалан хэрэглэхэд бага зэрэг төвөгтэй байдаг. Таарахгүй байна гэсэн үг шүү дээ.

dsc 3597Бид БНСУ дахь аюулгүй ажиллагааны дүрэм, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, эрсдлийн үнэлгээний загвар аргачлалыг  бүрэн хэмжээгээр нь орчуулан энэ номонд оруулсан. Тэднийх ISO 18001-ийг KOSHA 18001 болгоод нэвтрүүлчихсэн. Дэлхийн жишиг түвшинд бүх стандартаа тавиад тэр стандартад түшиглэсэн дүрэм журам горимтой болсон. Энд хариуцлагын тогтолцоо гэдгийг бол үнэхээр нэг номерт тавьдаг бидэнтэй  харьцуулах ч аргагүй. Тэгээд бүх шатны хариуцлагын тогтолцоог үнэхээр сайн хийгээд өгчихсөн, хэн хариуцах нь тодорхой бас хариуцлага нь тодорхой тул хариуцсан ажлаа хариуцлагатай хийх ёстой.

Манайд бол аюулгүй ажиллагаанд зориулсан хөрөнгө мөнгийг бол тусгах ёстой л гэж хуульчилсан байдаг бол тэднийх бол тусгана, гэхдээ манайх шиг нэгээс дээш хувь биш, 8-аас доошгүй хувь гээд заачихсан. Гол нь тэр хувийг төлөвлөөгүй бол 10 сая вонноор торгоно. Тэр хэмжээний хөрөнгийг зарцуулаагүй бол акт тогтоон, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зардалд татан төвлөрүүлнэ, тэгээд дахин хуваарилалт хийнэ. ХААЭА-д зориулсан тоног төхөөрөмж, аюулгүйн хаалт хамгаалалт, тоног төхөөрөмжийг лазерын хяналттай, комьпютержүүлэн, сүүлийн үеийн техник технологид ААНБ их хэмжээний зардал гаргасан байвал, хүлээж авсны дараа хөрөнгийг нь улсаас нөхөн олгодог гэх мэтчилэн хариуцлагын тогтолцоо нь өөр байх жишээтэй. Тэгээд ч ажил олгогч хүн бүхэн нэн тэргүүнд аюулгүй ажиллагаа гэдгээ эрхэмлэн ажиллаж чаддаг. Яагаад гэвэл мах цусанд нь шингэтэл ойлгуулаад өгчихсөнд байдаг бололтой.

Аюулгүй ажиллагаагаа хангахгүй л бол тэр хэзээ ч барилга барьж чадахгүй. Тэр хэзээ ч ашиг олж чадахгүй. Хүний амь нас эрсэдвэл тэр компани үр дүнтэй ажиллаж чадахгүй, нэр хүнд нь унана, дампуурна. Бүүр хуулиндаа тэр компанийг татан буулгана гээд заачихсан. Тэрнээс биш бидэн шиг нэг хүний амь эрсэджээ, хоёр, гурав эрсэджээ, ослыг нь судлан бүртгэнэ гээд л яваад байдаггүй юм байна. Шууд газар дээр нь хариуцлага тооцоод л тэр хариуцлагагүй хандсан ажил олгогч, болон бусад этгээдэд шууд арга хэмжээ аваад компанийг нь татан буулгадаг байна. Юун тэр барилга үргэлжлүүлэн барих, шууд хариуцлага тооцдог учраас тийм осол гаргаад ажиллаад байдаг компани гэж байдаггүй. Тэгэхээр аль болох осол гаргахгүй, хүний амь нас хохироохгүй байхын төлөө бүх юмаа зориулж байгаа юм. Эхлээд компани аюулгүй байдлаа хангаад, хариуцлагатай ажлаа хийгээд ашгаа олоод явна гэсэн үг. Ер нь дүрэм, журам, горимыг хийхэд хүн хараад суугаад байх ажил биш шүү. Мэргэжлийн хяналтынхан хийгээд өгөх болов уу, эсвэл Барилга, хот байгуулалтын яам нь хийгээд өгөх болов уу гэдэг зүйл биш байхгүй юу. Тухайн хариуцсан инженер, тухайн ажлыг гүйцэтгэж байгаа ажилтан, хариуцсан мастер хамтарч сууж байгаад л за нэгдүгээр яах вэ, нэгдүгээр бид бүсээр хангая, бүслүүлчихье. Хоёрдугаарт яах вэ, аюулгүй ажиллагааны тоног төхөөрөмжийг нь шалгадаг байя. Гуравдугаарт туршья, ажлаа эхлэхээс өмнө шалгаж үзье. Энийг заавал хийе. Хэдэн удаа, хоёр удаа, гурван удаа. Энэ чинь л горим байхгүй юу. За боллоо, тэнд хэн хяналт тавих вэ гээд л бүх юмыг сайхан дараалалд оруулчихсан. Тэр л горимоороо ажлаа явуулна. Хүн өглөө босоод нүүрээ угаагаад, шүдээ угаагаад, цайгаа уугаад ажилдаа явна, 8 цагт ажилдаа бэлэн байх ёстой гэдэг шиг ерөөсөө өдөр бүхэн давтан хийсээр байгаад тэр горим нь соёл, зан үйл бүүр хууль болчихдог. Энэ ерөнхий горим бол хууль дүрэмтэйгээ яг нийцэж байдаг.

Барилгын аюулгүй ажиллагаа юунаас эхлэдэг вэ гэхээр л орц гарцаас эхэлнэ гээд л байгаа юм. Анхан шатнаас нь эхэлж байгаа биз. Манайх бол нилээд л сүүлийн юмыг нь ярина шүү дээ, жишээ нь хамгаалах хэрэгсэл, хөрөнгө мөнгө гээд дараа дараагын юмыг нь ярьдаг. Гэтэл хамгийн эхлээд л тэр барилгын талбай руу аюулгүй орох, аюулгүй гарах. Энэ хамгийн энгийн атлаа хамгийн анхаарал татсан асуудал шүү. Ийм л энгийн, жижигхээн зүйлийг ч гэсэн л шийдэж өгснөөр хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангаж байгаа хэрэг. Аюулгүй ажиллагаа гэхээр маш том юм бодоод байх хэрэггүй л дээ. Зүгээр л жижигхээн юмыг л зөв хийх ёстой юм. Одоо энэ хажуу талын барилгыг харж байхад 4 давхарын гадна засал хийж байна, доод талд нь хүмүүс будаг шунхаа найруулаад л суугаад байгаа юм. Тэнд хүн суулгахгүй, өөр ажилчид болон гадны хүн нэвтрэхийг бас хориглох ёстой. Жишээ нь эксковатороор ажил гүйцэтгэж байна гэж бодъё. Тэнд эксковатор байна. Хажууд нь хяналтын инженер байна. Тэгээд л өөр хүн хэрэггүй шүү дээ. Гуравдахь хүн хараад зогсох, дөрөвдэх хүн хажуугаар нь явах хэрэг байхгүй. Ингэснээр нэгдүгээрт дэмий сэлгүүцэж байгаад эрсдэлд өртөх магадлалыг нь хаачихаж байгаа юм. Хоёрдугаарт үүсэх эрсдэлээс хамгаалчихаж байгаа юм. Гэхдээ нөгөө эксковаторийг  бас хянаж байна, хөөе чи тийшээ унах нь, ард чинь саад байна энэ тэр гээд дохих. Гэтэл манайд бетон зуурмаг зөөж, ухрахдаа нүх рүү унаад л осол гарч байсан. Тэгвэл тэнд хэн байх ёстой юм бэ, дохиочин л байх ёстой шүү дээ. За нүхний ирмэг дээр ирлээ, зогсоорой гэхэд л болно. Маш хялбархан хөрөнгө мөнгө үрэхгүй, эрсдэл гарахгүй. Энэ мэтчилэн жижигхээн юмнаас л хүний амь нас, эрүүл мэнд бүх юм шалтгаална. Жижиг гэлтгүй дүрэм горимоо л яг мөрдөөд хэвшчих юм бол бидэнд мэдлэг чадвар ч юмуу, дүрэм журам, хууль дутсан юм бол байхгүй л дээ.

dsc 3599


Сурв: -Тэгвэл барилгын компаниуд заавал мэргэжлийн хяналтын газраас зөвлөгөө заавар гээд суулгүйгээр энэ номыг хараад, энд тусгагдсан ажилбар бүрийн эрсдэлийг тооцоод ажиллаж болох нь

Г.Э: -Энэ ном бол инженер техникийн ажилчид, бүх хүмүүс зориулагдсан. Жишээ нь талбайн инженер, хэсгийн ахлагч нар юу хийх ёстой юм. Бас ажилчин юу хийх ёстой юм, дэргэдээ байгаа ажилчны аюулгүй байдлыг хамгаалах үүднээс яах ёстой гээд бүүр зурагтай нь харуулчихсан болохоор үзсэн хэн боловч зургыг хараад шууд ойлгохоор болсон. Жишээ нь би гагнуурчин бол гагнуур хийхэд ямар эрсдэл гардаг вэ гэдгийг болон эрсдэлийн зэргийг нь үнэлчихсэн байгаа.

Гагнуурын хамгийн эрсдэлтэй ажил нь энэ байна гээд тодорхойлчихоор аюултай объект дээрээ илүү анхаарал тавих бололцоотой болчихож байна. Энэ эрсдэлийг арилгахын тулд гагнуурчин юу хийх ёстой вэ, тэнд байгаа талбайн инженер, хяналтын инженер юу хийж, юуг анхаарах ёстой вэ гээд бүх л зүйлийг горим, ажлын дарааллаар гаргасан байгаа. Эхлээд юу хийх ёстой вэ, цахилгааны утсаа шалгах ёстой ч гэдэг юмуу. Цахилгааны утас нь хамгаалалтын бүрээс шалбараагүй, хугарч муудаагүй байх ёстой гэхчилэн бүх л зүйлийг оруулсан байгаа. За тэгээд гагнуур хийлээ, 7 давхарт гагнуур хийж байхад мөн 4 давхарт ч юмуу, нэг шугаманд бас давхар ажил хийгээд байж болохгүй гэдгийг л хэлээд байгаа юм. Энийг хэн зохицуулах вэ, өглөө ажил хуваарилж байгаа талбайн инженер л зохион байгуулах ёстой. Тэнд галын аюул гарахад оч байна, бас хүчилтөрөгч байна. Дээр нь нэг шатамхай бодис л байхад осол гарах нөхцөл үүсч байгаа биз дээ. Тэгвэл тэр шатамхай бодисийг л тэсэрч дэлбэрэх нөхцөл үүсгэхгүйн тулд гагнуур хийж байгаа газарт, тэр хавьд нь байлгахгүй гэдэг дүрмийг л сахин биелүүлэхэд болно. Солонгосчуудын нэг онцлог ч юмуу аюулгүй ажиллагааны заавар, дүрмүүдийг хэн ч харсан ойлгохоор товчхон, давхар зургаар  өгүүлсэн байдаг.

Манайхны ч нэг зан байдаг. Дэлгүүрт ороод торго авлаа гэхэд гартаа имэрч үздэг. Тэгээд зогсохгүй шүдээрээ чанарыг нь шалгадаг. Тэгэхээр бид яг гарт баригдах зүйлийг чухалчлах гэж оролдож, аюулгүй ажиллагааны талаар зургаар харууллаа. Ингэвэл хүмүүст илүү хүрэх байх. Тэгэхээр энэ ном бол инженер техникийн ажилчид, бүх хүмүүст аюулгүй барилга барих үйл ажиллагааны хөтөч, зууч болох нь дамжиггүй.

Сурв: -Ярилцсанд баярлалаа.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш