logo
MIRECO-ийн Байгаль орчны бохирдлын шинжилгээний лабораторитой танилцлаа

MIRECO-ийн Байгаль орчны бохирдлын шинжилгээний лабораторитой танилцлаа

2012/12/19
МХЕГ-ын байцаагчид болон Нэгдсэн төв лабораторийн шинжээчид БНСУ-ын MIRECO–ийн Монгол дахь Байгаль орчны бохирдлын шинжилгээний лабораторийг 2012 оны 12 дугаар сарын 11-ны өдөр үзэж танилцлаа. Тус компани нь хээрийн судалгааг явуулан уул уурхайгаас экосистемд үзүүлж буй сөрөг нөлөөллийг тогтоохоор ажиллаж байна. Ус, хөрсний бохирдлыг шинжилж, цаашид бохирдлын мэдээллийн сан байгуулах зорилготой аж.

Тус лабораторийг МХЕГ-ын ХШҮХ-ийн дарга Я.Ариунзул, Байгаль орчны улсын байцаагч Г.Энхмөнх, ХШҮХ-ийн улсын байцаагч Ч.Нямжав, НМХГ-ын байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Пүрэвжамц, Төв лабораторийн ахлах шинжээч Уянга, Төв лабораторийн гадаад орчны шинжээч Нарангэрэл нар үзэж танилцлаа.

Энэ үеэр МИРЕКО–ийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Жон Ён Гүг, шинжээч Ким Та Хён нар байлцан цаашид МХЕГ, MIRECO нар хамтран ажиллах боломжийн талаар санал солилцсон байна. Мөн Монгол Улсад уул уурхайгаас экологид үзүүлж буй нөлөөллийг тогтоох, БНСУ-ын бохирдлын стандарт норм нормативыг Монгол Улсын стандарт норм нормативтэй харьцуулж судлах, боловсронгуй болгох, бохирдлын мэдээллийн сан үүсгэх асуудлаар хамтран ажиллах нь хаа хаанаа үр дүнтэй, үр ашигтай байх талаар хоёр тал санал нэгдсэн байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш