Мөн тэрээр Өмнөговь аймгийн Ноён сумын нутагт уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг “Терра энержи” ХХК-д гарсан хэргийн талаар өгсөн тайлбартаа, “Уул уурхайн үйл ажилагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн техник хэрэгсэл, түүнийг эзэмшигчтэй холбоотой үйлдэгдсэн гэмт хэрэг нь хуулийн дагуу Цагдаагийн байгууллагад бүртгэгддэг бөгөөд манай яам болон харьяа агентлагуудад энэ чиглэлээр бүртгэл, судалгаа хийгдээгүй байна. Цагдаагийн байгууллагын хэргийн бүртгэлийн санд гэмт этгээд болон гэмт хэрэгт холбогдолтой техник, хэрэгслүүд бүртгэгддэг хэдий ч ямар төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжийнх болох нь бүртгэгддэггүй учраас уул уурхайн компаниудын техник хэрэгсэл, түүнийг эзэмшигчтэй холбогдолтой хэргийн судалгааг ялган гаргах боломжгүй байдаг байна. Уул уурхайн үйлдвэрлэлийн ослын судалгааг МХЕГ, Уул уурхайн аврах алба болон Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос мэдээлэл авч сүүлийн 3 жилийн байдлаар гаргалаа. Уул уурхайн үйлдвэрлэлийн ослын улмаас нийт 259 хүн осолд орсноос 72 хүн нас барж, 17 хүн хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан бол 170 хүн хөдөлмөрийн чадвараа түр алдсан байна. Осолд нийт 18 эмэгтэй өртсөн байна. Гар аргаар буюу бичил уурхайн хэлбэрээр ашигт малтмал олборлогчдоос осолд өртөж нас барсан хүний тоо сүүлийн 3 жилд 59 хүрчээ. Уурхайн ослын дийлэнх нь тухайн ажилтан Хөдөлмөрийн аюулгүй байдлын дүрэм мөрдөөгүй, Ажлын байрны аюулгүй байдал хангаагүй шалтгаантай холбоотой байна. Уул уурхайн салбарт ажиллаж байгаад амь нас, эрүүл мэндээрээ хохирсон хүмүүсийн ар гэр, үр хүүхдэд төрөөс болон байгууллагаас олгох нөхөн олговорын асуудал, эдгээртэй холбоотойгоор уул уурхайн компаниас болон нутгийн удирдлагаас авч хэрэгжүүлсэн арга хэмжээний хэрэгжилтийн талаарх мэдээллийг Хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагууд, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага, эрүүгийн гэмт хэргийн шинжтэй үйлдлийн талаар холбогдох хууль хяналтын байгууллагаас тус тус гаргуулан авах нь зүйтэй гэж үзэж байна” гэлээ.
УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, “ энэ асуултыг тавих болсон шалтгаан нь энэ оны 9-р сард хүний амь настай холбоотой нийгмийг цочроосон хэрэг гарсантай холбоотой. Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулдаг “Терра энержи” ХХК-ний жолооч малчин Б.Отгонтулгын гэрийг дайрч 3 эмэгтэй, 10 настай нэг хүүгийн амь насыг газар дээр нь хөнөөсөн аймшигт хэрэг гарсан. Энэ хэрэг цэвэр тус компанитай холбоотой. Учир нь машин нь энэ компанийн өмчлөлийнх төдийгүй компаний жолооч машиныг согтуугаар барьж явснаас энэ хэрэг гарсан. Иймд “Tерра энержи” компани хариуцлага хүлээх ёстой. Машиныг яагаад согтуу жолоочид өгч явуулав. Хэрвээ энэ компани тэр нутагт үйл ажиллагаа явуулаагүй, машинаа хяналт, шалгалтгүй, чөлөөтэй гаргаагүй бол ийм асуудал гарахгүй байсан гэсэн асуудлыг л тавиад байгаа юм. Харамсалтай нь сайд маш дутуу хариулт өгч байна. Ямар ч хариулт олж авсангүй. Иймд энэ асуудлаар Ажлын хэсэг байгуулах саналтай байна” гэлээ.
Д.Ганхуяг сайд хэлэхдээ, “хүний амь наснаас илүү уул уурхай байж болохгүй. Хэн буруутай гэдгийг хуулиар тогтооно. Хуулийн дагуу шийдвэр гарсны дараа нөхөн олговор олгогдох ёстой. Хэрэг ажлын байранд гараагүй. Хэрэг мөрдөн байцаалтын явцад байгаа гэсэн хариултыг Цагдаагийн байгууллагаас өгч байгаа. Энэ асуудалд цаашид анхаарч ажиллана” гэлээ. Харин тус яамны хуулийн хэлтсийн дарга н.Болдхүү өгсөн хариултдаа” тухайн компани жолоочтой хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан. Жолооч согтуу явж байгаад уг ослыг гаргасан. Материаллаг хохирлыг барагдуулах асуудал Иргэний тухай хуулиар зохицуулагдана. Энэ асуудал цэвэр уул уурхайн компанитай холбоотой биш” гэсэн юм. Түүний хариулт амь насаараа хохирсон иргэдийг бус гадны компанийг хамгаалж байгаад гишүүд шүүмжлэлтэй хандаж байв. УИХ-ын гишүүн С.Одонтуяа, тус компани нийгмийн хариуцлага хүлээж эдгээр гэр бүлд тусалж уучлал гуйх ёстой. Харин өнөөдрийг хүртэл ийм зүйл хийгээгүй бол бид хэвлэл мэдээллийн хэрэгслээр асуудлыг хөндөж болно. Иймд Уул уурхайн яам энэ асуудал ямар шатанд байгаа талаар бидэнд тодорхой мэдээллийг ирүүлэх хэрэгтэй” гэлээ. Эцэст нь уг асуудлаар Ажлын хэсэг байгуулах Л.Эрдэнэчимэг гишүүний саналыг гишүүд дэмжлээ.
Б.Янжинлхам