logo
Төрийн нарийн бичгийн дарга Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзав

Төрийн нарийн бичгийн дарга Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзав

2012/12/20

Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Хатанбаатар өнөөдөр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Др. Су Нюнт-Уг өөрийнх нь хүсэлтээр хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Др. Су Нюнт-У Төрийн нарийн бичгийн даргад хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд өнгөрсөн хугацаанд ДЭМБ-ын Суурин төлөөлөгчийн газар, Монгол улсын Эрүүл мэндийн яам хоорондын нягт хамтын ажиллагаа амжилттай хөгжиж ирсэнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.

Уулзалтын үеэр ДЭМБ-ын Суурин төлөөлөгчийн газар болон Эрүүл мэндийн яам хамтран 2013 оны эхний улиралд зохион байгуулахаар төлөвлөж байгаа ЭМЯ-ны хүний нөөцийн чадавхи бэхжүүлэх болон эрүүл мэндийн үндэсний бодлого, стратегийн чиглэлээр сургалт семинар, ДЭМБ-аас удахгүй гаргах гэж буй “Монгол улсын эрүүл мэндийн тогтолцооны байдлын үнэлгээ” тайланг танилцуулах арга хэмжээний талаар харилцан санал солилцов.

Түүнчлэн Суурин төлөөлөгч ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн орнуудаас Үндэсний эрүүл мэндийн даатгалын тогтолцоогоороо Монгол улстай ижил, төстэй Филиппин болон Вьетнам улсуудын эрүүл мэндийн салбарын холбогдох төлөөллүүдийг оролцуулан туршлага солилцох хамтарсан хурал зохион байгуулах боломжийн талаар танилцуулсан ба Төрийн нарийн бичгийн дарга саналыг найрсгаар хүлээн авч энэ асуудлаар Эрүүл мэндийн сайд болон холбогдох бусад хүмүүстэй ярилцахаа мэдэгдэж уулзалт өндөрлөв.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш