Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдөр дугаар 02 тоот албан даалгавар гаргалаа. Албан даалгаварт Орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээний салбарын байгууллагуудын цаг үеийн ажлыг эрчимжүүлэх тухай тусгажээ.
Манай орны нийт нутгаар 2012-2013 оны өвөл, хаврын улиралд агаарын хэм олон жилийн дунджаас нэлээд хүйтэн, цас ихтэй, салхи, шуургатай байх талаар Цаг уур, орчны шинжилгээний албадаас урьдчилсан сэрэмжлүүлгийг өгч байгаатай холбогдуулан салбарын байгууллагуудын ажлын хариуцлага, сахилга бат, дэг журмыг өндөржүүлэх, өвөлжилтийн явцад гарч болзошгүй хүндрэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор энэхүү албан даалгаврыг хүргүүлж байна.
Нэг. Аймаг, нийслэлийн орон сууц, нийтийн аж ахуйн байгууллагуудын дарга /захирал/ нарт
- Байгууллагынхаа хөдөлмөрийн дотоод журмыг чанд мөрдөж, өвөлжилтийн явцад гарч болзошгүй хүндрэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор 2012 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 2013 оны 3 дугаар сарын 15 хүртэл хугацаанд онцгой нөхцөл байдалд ажиллах талаар ажиллагсдадаа тодорхой удирдамж, чиглэл өгөх;
- Байгаль, цаг уурын онцгой нөхцөл байдал үүсэх, инженерийн шугам сүлжээ, барилга байгууламжид гэнэтийн осол, саатал гарах үед шуурхай арга хэмжээ авах, бодитой мэдээллээр хангах, гарч болзошгүй хүндрэлийг арилгах ажлыг зохион байгуулж ажиллах инженер техникийн ажилчдын нэр, албан тушаал, холбоо барих утас зэрэг мэдээллийг байгууллагынхаа мэдээллийн самбарт байрлуулж, нийтэд нээлттэй мэдээлэх;
- Онцгой нөхцөл байдал үүссэн үед цагийн байдлын мэдээг аймаг, нийслэлийн Засаг даргын тамгын газар, Онцгой байдлын газар, Барилгын хөгжлийн төвд тодорхой давтамжтайгаар мэдээлж, өгсөн удирдамж чиглэлийн дагуу ажил үүргээ зохион байгуулах, шаардлагатай тохиолдолд тусламж, дэмжлэг авах тухайгаа мэдэгдэх;
- Ажиллагсдын хөдөлмөрийн сахилга батыг дээшлүүлж, албан үүргээ гүйцэтгэж явах үедээ архи, согтууруулах ундаа хэрэглэх асуудлыг таслан зогсоож, зөрчсөн албан тушаалтанд холбогдох хуулийн дагуу хариуцлага тооцож байх;
- Инженерийн шугам сүлжээ, барилга байгууламжид үүссэн гэмтэл саатлыг хурдан хугацаанд арилгах, хэвийн ажиллагааг хангах оновчтой хувилбарыг боловсруулж, ерөнхий инженерээр батлуулж, инженер техникийн ажилчдад судлуулах, хэрэгжүүлэх чадварыг эзэмшүүлэх, ажиллагсдын мэдлэг боловсролыг дээшлүүлэх арга хэмжээг байнга авч ажиллах;
- Байгаль, цаг уурын онцгой нөхцөл байдал үүсэх, инженерийн шугам сүлжээ, барилга байгууламжид гэнэтийн осол, саатал гарах үед аваар, саатлыг яаралтай арилгах, инженерийн байгууламжийн найдвартай ажиллагааг хангах санхүүгийн чадавхи, хуримтлалтай байх;
- Орон сууц, олон нийтийн барилга байгууламжийг ус, дулаанаар найдвартай хангахад онцгой анхаарч, орц, хонгил, хаалга, цонх, шугам хоолойг дулаалах ажилд иргэд, аж ахуйн нэгжийг татан оролцуулах, дулааны алдагдлыг бууруулах;
- Халаалтын зуух, ус түгээх байруудад 1 сараас доошгүй хоногийн нөөцтэй байхаар тооцож нүүрс, түлш татан авалтыг зохион байгуулах;
- Байгууллагын хэмжээнд ашиглагдаж байгаа машин техник, тоног төхөөрөмж /гагнуурын аппарат, зөөврийн насос, цахилгаан үүсгүүр, халаагуур/-ийн ашиглалтын найдвартай ажиллагааг ханган, ажилд тогтмол бэлэн байлгах, шатахуун, тослох материалын зохих нөөцийг бүрдүүлсэн байх;
- Гүний худгийн насос, цахилгаан хөдөлгүүр бусад шаардлагатай сэлбэг, тоног төхөөрөмжийн аваарийн үед ашиглах нөөцийг бүрдүүлсэн байх;
- Алслагдсан зайд орших халаалтын зуух, гүний худаг, насос станц бусад инженерийн хангамжтай холбогдсон үйлчилгээний хэсгүүдийг найдвартай холбоогоор бүрэн хангасан байх;
Хоёр. Барилгын хөгжлийн төв /Б.Баярсайхан/-д
- Тухайн аймаг, орон нутагт байгаль, цаг уурын онцгой нөхцөл байдал үүссэн, инженерийн шугам сүлжээ, барилга байгууламжид гэнэтийн осол, саатал гарсан үед орон нутгийн байгууллагуудаасаа цагийн байдлын мэдээг цаг алдалгүй авах боломжийг бүрдүүлэх;
- Орон сууц, нийтийн аж ахуйн байгууллагуудаас тавьсан хүсэлт, саналыг шуурхай шийдвэрлүүлэхэд онцгой анхаарах;
- Энэхүү албан даалгаврыг Орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээний байгууллагуудад хүргүүлэх ажлыг шуурхай зохион байгуулж, хэрэгжилтийг хангуулж, хэрэгжилтийн явц, үр дүнг сар бүрийн 5-ны дотор нэгтгэн гаргаж, Сайдын шуурхай хуралдаанд танилцуулж байхыг даалгалаа.