logo
152 мянган өрх инженерийн бүрэн хангамжтай орон сууцанд амьдарч байна

152 мянган өрх инженерийн бүрэн хангамжтай орон сууцанд амьдарч байна

2012/12/21
“Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн хэрэгжилт, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг Барилга, хот байгуулалтын яамнаас өнөөдөр зохион байгууллаа.

    Хэлэлцүүлэгт Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Нийслэлийн Захирагчийн ажлын алба, Улаанбаатар хотын Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар, Монголын Нийтийн аж ахуйн үйлчилгээний холбоо, Монголын сууц өмчлөгчдийн холбоодын дээд зөвлөл зэрэг байгууллагуудын 50 гаруй төлөөлөгчид оролцов.

      Хэлэлцүүлгийг нээж Барилга, хот байгуулалтын дэд сайд Г.Байгалмаа “Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн хэрэгжилт, цаашид яамны зүгээс авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар  мэдээлэл өглөө.

     Жилээс жилд улсын төсвийн болон дотоод, гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэхийн хирээр барилга байгууламж олноор баригдаж, орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээний салбарын үйл ажиллагаа өргөжин тэлж байна. Нийтийн зориулалттай орон сууцны барилгууд олноор баригдан ашиглалтад орж, өнөөдрийн байдлаар манай улсын нийт өрхийн 21,3 хувь буюу 152.3 мянган өрх инженерийн бүрэн хангамжтай орон сууцанд амьдарч байна.

     Улсын хэмжээнд ашиглагдаж байгаа инженерийн бүрэн хангамжтай, нийтийн зориулалттай орон сууцны 3800 гаруй байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, үйлчилгээг хариуцсан, сууц өмчлөгчдийн 616 холбоо ажиллаж байгаагийн 493 нь Улаанбаатар хотод, 123 нь аймаг, орон нутагт байна.

      Эдгээр холбоод, сууц өмчлөгчдөөс хуримтлуулсан хөрөнгөөр нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээг гэрээний үндсэн дээр мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлж байна.

     Удирдлагын арга барил, ажил зохион байгуулах ур чадвараас шалтгаалан, Сууц өмчлөгчдийн холбоодын үйл ажиллагааны түвшин, засвар үйлчилгээний чанар, санхүү, эдийн засгийн үзүүлэлтүүд харилцан адилгүй байна гэж тэрээр хэлэв.

     2003 онд Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 16.6-д “Орон сууцны байшингийн ашиглалтын хугацаанд дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарах дээвэр, цахилгаан шат зэрэгт их засвар хийх үед их хэмжээний хөрөнгө шаардагдах бол барилгын хяналтын байгууллагын дүгнэлтийг үндэслэн улсын болон орон нутгийн  төсвөөс нэг удаа санхүүжүүлж болно” гэсэн өөрчлөлт орсон.

       Хуулийн энэхүү заалтыг хэрэгжүүлж, улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөс 2004 оноос эхлэн орон сууцны 597 барилгын дээврийн их засварын ажилд 10.8 тэрбум төгрөг, 2006 оноос 444 цахилгаан шатны их засварын ажилд 16.8 тэрбум төгрөг, нийтдээ 27.6 тэрбум төгрөгийг зарцуулсан байна.

       2013 оны улсын төсөвт орон сууцны 116 барилгын дээврийн их засварын ажилд 3.0 тэрбум төгрөг, 61 цахилгаан шатны их засварын ажилд 2.7 тэрбум төгрөг, нийт 5.7 тэрбум төгрөгийг зарцуулахаар тусгагдаад байна.

      Цаашид ийм хэлбэрээр сууц өмчлөгчдийн холбоодын дундын өмчлөлийн засвар үйлчилгээний зардлыг улс, орон нутгийн төсвөөс санхүүжүүлэх нь зах зээлийн өнөөгийн зарчимд нийцэхгүй болохыг тэмдэглээд энэхүү уулзалт, хэлэлцүүлгийн зорилго нь орон сууц, нийтийн аж ахуйн байгууллагуудын оновчтой, зөв бүтцийг бүрдүүлэх, дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээнд зориулж, сууц өмчлөгчдийн бүрдүүлсэн хөрөнгийг үр ашигтай, зориулалтын дагуу зарцуулдаг болох чиглэлээр хууль эрх зүйн орчинг сайжруулах талаар салбарын өмнө тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэж, харилцан санал солилцож, байр сууриа нэгтгэхэд оршиж байна гэсэн юм.

        Энэхүү хэлэлцүүлэгт Барилга, хот байгуулалтын яамны Орон сууц, нийтийн аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын үүрэг гүйцэтгэгч Р.Эрдэнэцэцэг, Нийслэлийн Захирагчийн ажлын албаны Инженерийн бодлогын хэлтсийн ахлах мэргэжилтэн Л.Эрдэнэбат, Улаанбаатар хотын орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын дарга Ч.Бямбажав, Монголын сууц өмчлөгчдийн холбоодын дээд зөвлөлийн ерөнхийлөгч Б.Жигжид, Орон сууц, нийтийн аж ахуйн “Хаусинг холд” ХХК-ийн захирал Б.Туул нар мэдээлэл хийлээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш