Өнөөдрийн байдлаар нийтдээ 5 тэрбум ам.долларын үнэт цаас гаргах энэ хөтөлбөрийн хүрээнд эхний үе шат болгож 1,5 тэрбум ам.долларын “Чингис” бондыг Засгийн газар амжилттай арилжаалсан.
Монгол Улсын Засгийн газрын бондыг дэлхийн зарим нэр хүнд бүхий хэвлэл мэдээллийн байгууллага 2012 оны шилдгээр шалгаруулсан байна. Тухайлбал “Finance Asia” сэтгүүлээс 2012 оны 12 дугаар сарын 11-ний өдөр “Засгийн газрын шилдэг бонд, Монгол Улсын бондын шилдэг арилжаа-2012” шагналыг олгосон байна.
Тус сэтгүүлээс энэхүү нэр хүндтэй шагналыг олгохдоо: “Ази тивээс Засгийн газрын бонд гаргасан улс орон тийм ч олон байдаггүй. Монгол Улсын Засгийн Газар 1.5 тэрбум ам долларын бондыг хоёр үе шаттай гаргасан явдал нь хөрөнгө оруулагчдын сонирхолыг ихээр татлаа. Монгол Улсын хувьд энэ нь Засгийн газрын анхны бонд бөгөөд олон улсын зах зээл дээр нэг удаагийн гаргалтаар 1.5 тэрбум ам долларын хөрөнгө босгож чадсан нь том амжилт юм.
10 жилийн хугацаатай гаргасан энэхүү бондын хүү жилийн 5.125 хувиар тогтоогдсон. Энэ нь 60 тэрбум ам долларын эдийн засагтай, хэд хэдэн удаа олон улсын зах зээлд бонд гаргаж байсан, харьцангуй туршлагатай зээлдэгч болох Шри Ланк улсын 2007 онд анх гаргасан бондын хүүнээс доогуур байгаа нь маш амжилттай үзүүлэлт юм.” хэмээн онцолжээ.
Түүнчлэн “Finance Asia” сэтгүүлээс олгодог “Засгийн газрын шилдэг бонд-2012” шагналыг 2012 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын “Чингис” бондод олгосон байна.
“Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчид хоёр багт болон хуваагдаж, олон улсын хөрөнгө оруулагчидтай хийх уулзалтыг 7 хоногийн турш зохион байгуулж, нэг өдрийн дотор 15 тэрбум ам долларын захиалга авсан нь дэлхийн зах зээл дээр анх удаа бонд гаргаж байгаа улсын хувьд маш том амжилт боллоо.
Хүүгийн хувьд 5 жилийнхийг 4.5 - 4.125 хувь, 10 жилийнхийг 5.5 – 5.125 хувиар тогтоогдохоор урьдчилсан байдлаар таамаглаж байсантай харьцуулахад хүү нь хамгийн доод хязгаар буюу жилийн 4.125% ба 5.125 хувь дээр тогтоогдсон нь Монгол улсын хувьд шинэ шалгуур үзүүлэлт юм.
Энэхүү үзүүлэлт нь Монгол улсын Хөгжлийн банкнаас 2017 он хүртэл хугацаатай гаргаж байсан бондын хүүгээс доогуур тогтоогдсон нь Монгол улсын эрсдлийг бууруулж үнэлгээг өөрчилсөн явдал болсон.
Бонд нь Монгол улсын Дотоодын нийт бүтээгдэхүүний 15 хувьтай тэнцүү бөгөөд улсын валютийн нөөцөөс илүү байгаа юм . ОУВС-аас Монгол улсын Дотоодын нийт бүтээгдэхүүн 2012 онд 9.9 тэрбум ам долларт хүрнэ гэж тооцоолсон байна” хэмээжээ.