logo
Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа аймгуудын өвөлжилтийн байдалтай танилцав

Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа аймгуудын өвөлжилтийн байдалтай танилцав

2012/12/21

Эрүүл мэндийн дэд сайд болон ЭМЯ-ны холбогдох албаны хүмүүс 2012 оны 12 дугаар сарын 18-ны өдөр телемедицин суурилуулсан аймгийн Эрүүл мэндийн газруудтай интернэтээр холбогдож аймгуудын өвөлжилтийн байдлын талаар мэдээлэл авлаа.

Уулзалтын эхэнд Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа аймгуудын өвөлжилт, цаг үеийн байдлаар мэдээлэл солилцож, хүндрэлтэй байгаа асуудлуудаа уламжлахыг хүслээ.

Аймгуудын ЭМГ-ын дарга нар орон нутагт цас ихтэй, автомашин болон автомашины сэлбэг, дугуй муудсан, мөн шатахууны хангамж, түргэний эмч жолооч нарыг дулаан хувцсаар хангах зэрэг тулгарч буй бэрхшээлүүдээ хэлэхийн зэрэгцээ төсвийг танаснаас болж гарч буй өрийг барагдуулж өгөхийг хүссэн байна.

Үүний дараа Эрүүл мэндийн дэд сайд 12 дугаар сарын 14-ний өдөр онцгой байдлын комиссын хуралдааны үеэр эрүүл мэндийн салбартай холбоотой асуудлаар авч хэлэлцсэн асуудлуудын талаар дараах мэдээллийг хийлээ.

1. Байгалийн давтагдашгүй хүчин зүйлд өртсөн газар, отор нүүдлээр болон малаа эрж, хайж олон өдөр сараар явах үед архаг суурь өвчин сэдрэх, түүнчлэн төв суурин газартай харилцаа холбоо тасарч эмнэлгийн тусламж үйлчилгээ тасалдах эрсдлээс хамгаалах шаардлагатай байна.

Тиймээс 4 нисдэг тэрэг бэлтгэсний хоёр нь Улаанбаатар хотод, хоёр нь Налайх дүүрэгт байгааг дуулгаад, та бүхний зүгээс тусламж үзүүлж чадахгүй болсон амь эрсэдсэн зайлшгүй шаардлага гарвал ЭМЯ руу холбоо барьж нисдэг тэрэг авах асуудлаа тавих.

2. Отроор өвөлжиж, хаваржиж буй малчдад яаралтай тусламжийн үйлчилгээ үзүүлэх, эм тариа, тээврийн хэрэгслийн бэлтгэл бэлэн байдлыг хангах.

3. шаардлагатай байгаа сэлбэг хэрэгсэл, эм тариа, шатахууны мөнгөн дүнг гарган ЭМЯ-д ирүүлэх.

Уулзалтын төгсгөлд Эрүүл мэндийн сайд Ж.Амарсанаа Сайдын албан даалгаврын хүрээнд хийгдээгүй, хийгдэх боломжгүй ажлуудаа хэлэхийг хүсэхэд Сүхбаатар аймгаас байрлал тодорхойлогч GPS-ээр хангахыг, Дундговь аймгаас эмч нарын амь даатгалын талаар анхаарахыг хүссэн байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш