Эрүүл мэндийн сайд Н.Удвал БНТУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд ноён Мустафа Сарнычыг өөрийнх нь хүсэлтээр хүлээн авч уулзав.
Уулзалтын эхэнд Элчин сайд Сарныч Эрүүл мэндийн сайд Н.Удвалд эрүүл мэндийн сайдын хариуцлагатай бөгөөд хүндтэй албан тушаалд томилогдсонд нь баяр хүргэж, цаашдын ажилд амжилт хүсээд, хоёр улсын ах дүүсийн ойр дотно найрсаг харилцаа бүхий л салбарт шинэ утга агуулга, хэлбэрээр баяжин өргөжиж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийллээ.
Сайд Н.Удвал ноён Сарнычид талархал илэрхийлээд, хоёр улсын улс төр, эдийн засгийн харилцаа эрчимтэй хөгжиж байгаагийн зэрэгцээ эрүүл мэндийн салбарт харилцаа, хамтын ажиллагаа зохих түвшинд амжилттай хөгжиж байгааг тэмдэглэн хэлэв. Тэрбээр хоёр улсын Эрүүл мэндийн яамд хоорондын 2011-2013 онд хамтран ажиллах төлөвлөгөөнд гарын үсэг зурсан нь хамтран ажиллах чиглэлүүдийг тодорхойлсон чухал ач холбогдолтой үйл явдал болсныг онцлон хэлэхийн зэрэгцээ уг төлөвлөгөөнд тусгагдсан үйл ажиллагаанууд тодорхой хэмжээгээр хэрэгжиж байгаад эрүүл мэндийн сайдын хувьд сэтгэл өндөр байгаагаа илэрхийлэв.
Тухайлбал, эх, нярайн тусламж үйлчилгээний чиглэлээр Монголын эх барих, эмэгтэйчүүдийн эмч, эх баригч нар Турк улсад сургалтад хамрагдсан явдал нь эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулахад тодорхой хувь нэмэр оруулсан талаар дурдав.
Түүнчлэн Цус сэлбэлт судлалын үндэсний төвийг өргөжүүлэх төслийн хүрээнд тус төвд нийт 545,500 ам.долларын өртөг бүхий орчин үеийн Олон улсын стандартад нийцсэн тоног төхөөрөмжийг нийлүүлсэн нь Монгол улсын эрүүл мэндийн салбарын амин чухал хэсэгт оруулсан томоохон хөрөнгө оруулалт болсныг тэмдэглэв.
Элчин сайд Сарныч өнгөрсөн 7 дугаар сард Монгол улсад томилогдон ажиллаж эхэлснээс хойш хоёр томоохон ажил зохион байгуулагдсан нь Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлэгт Туркийн шинжээчдийн баг ажиллаж, үнэлгээ хийсэн явдал ба нөгөө нь өнгөрсөн 10 дугаар сард Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв болон Туркийн Хажэттэпэ их сургуулийн хүүхдийн мэдрэл судлалын тэнхим хамтран “Хүүхдийн хөдөлгөөний өөрчлөлт, таталттай хүүхдийн эмчилгээний чиг хандлага” сэдэвт сургалт болохыг дурдлаа.
Тэрбээр Турк улсын эрүүл мэндийн салбарт өөрчлөлт шинэчлэлт амжилттай явагдаж байгаа талаар товч мэдээлэхийн зэрэгцээ Монгол улсад ажиллах хугацаандаа томоохон дорвитой ажил хийх хүсэлтэй байгаа ба ялангуяа Турк улсын хөрөнгө оруулалттай эмнэлэг байгуулж хамтран ажиллах хүсэл эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв.
Уулзалтын явцад талууд хамтын ажиллагааны дээрх саналууд болон сонирхсон бусад асуудлуудаар дэлгэрэнгүй ярилцан, харилцан санал солилцож, хоёр улсын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг бодит үр дүнтэй, ажил хэрэгч болгон, улам бэхжүүлэн хөгжүүлэхэд идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлснээр уулзалт өндөрлөв.