logo
УИХ-ын дарга З.Энхболдод Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан хуулийн төсөл өргөн барив

УИХ-ын дарга З.Энхболдод Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан хуулийн төсөл өргөн барив

2012/12/21

Үндсэн хуулийн Хорин зургаадугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан Монгол Улсын Шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн захиргааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн тухай багц хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүдийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр нар өнөөдөр Улсын Их Хурлын дарга З.Энхболдод өргөн барилаа. 

            Улсын Их Хурлаас 2012 онд баталсан Шүүхийн тухай багц хуулийг дагаж мөрдөх хугацааг 2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр болгож, холбогдох нэмэлт, өөрчлөлтүүдийг оруулж, Шүүхийн тухай багц хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг баталснаар шүүхийн шинэтгэлийн амин чухал асуудлууд болох шүүхийн бие даасан, нээлттэй, ил тод байдлыг хангах, шүүхийн захиргаа, төсвийг бие даалгах, шүүх, шүүгчийн ажлын ачааллыг зохистой болгох, шүүгчийн ур чадвар, хариуцлагатай байдлыг нэмэгдүүлэх замаар шударга шүүхээр шийдвэрлүүлэх Үндсэн хуулийн зарчмыг илүү бодитойгоор, түргэн шуурхай хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлэх билээ.
           
            Шүүхийн багц хуулийн хэрэгжүүлж эхлэх хугацааг нааш нь татаж, шүүхийн шинэтгэлийг эхлүүлэх ажлыг түргэвчлэх нь Монголд шударга ёс бэхжих, хараат бус шүүхийн тогтолцоо төлөвших, иргэдийн эрх, эрх чөлөө, ардчиллын үнэт зүйлийг хамгаалдаг шүүхийн шинэ тогтолцоог бүрдүүлэхэд ач холбогдолтой юм. Шүүхийн багц хуулийн гол зарчим бол төрд үйлчилдэг хуучны улс төржсөн шүүхийн тогтолцооноос илүү иргэндээ үйлчилдэг, тэдний эрхийг нь хамгаалдаг, шаардлагатай бол төрийн хууль бус шийдвэрийг ч хүчингүй болгож чаддаг, улс төр, бизнесийн бүлэглэл, мөнгөтэй хүмүүсээс хамааралгүй ажиллаж чаддаг шүүхийн тогтолцоог бий болгож, төлөвшүүлэх явдал мөн.
 
Эдгээр хуулиудын төсөл нь тус улсын шүүхийн шинэтгэлийг гүнзгийрүүлэх амин чухал асуудлууд болсон шүүхийн бие даасан, нээлттэй, ил тод байдлыг хангах, шүүхийн ажлын ачааллыг зохистой болгох, шүүгч хэрэг, маргааны төрлөөр мэргэших, шүүхийн төсөв, захиргааг бие даалгах замаар хэрэг, маргааныг шударга шүүхээр шийдвэрлүүлэх Үндсэн хуулийн зарчмыг илүү бодитой, түргэн шуурхай хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлэх юм.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш