“2012 онд дэлхий сөнөхгүй. Манай гараг дөрвөн тэрбум гаруй жилийн туршид хэвийн байсан бөгөөд удахгүй дэлхий сөнөнө гэх яриа нь шинжлэх ухааны ямар ч үндэслэл, нотолгоогүй юм” гэж НАСА-гийн цахим хуудаст гарсан мэдээлэлд тэмдэглэжээ.
Дэлхий сөнөх тухай өнөөдрийн хамгийн “алдартай онолуудыг” уг мэдээлэлд няцаасан байна. Тэдгээрийн нэгд, тухайлбал, Дэлхийтэй Нарны аймгийн домгийн Нибиру гараг мөргөлдөнө гэсэн байдаг. Ийм гамшиг 2003 оны тавдугаар сард болно гэж байсан ч хойшилж 2012 оны 12 дугаар сарын 21-нд тохионо гэж ярилцах болсон билээ. Чухам энэ өдөр майячуудын хуанлийн нэг үе дууссан байдаг.
“2012 оны 12 дугаар сарын 21 хүн төрөлхтний төгсгөл болохгүй, гэхдээ энэ өдөр уламжлал ёсоор өвлийн хамгийн богино өдөр болно” гэж НАСА тэмдэглэжээ. Үүгээр зогсохгүй, эртний майячууд дэлхийн сөнөхийг огт зөгнөөгүй, “жилийн хуанли 12 дугаар сарын 31-нд дуусдаг шиг цаг хугацаа дуусахгүй” гэдэгт Америкийн эрдэмтэд итгэлтэй байна. Майягийн цаг тоолол ч 2012 оны 12 дугаар сарын 21-нд дуусахгүй. Энэ өдөр майягийн цаг тооллын системийн урт үргэлжилсэн үеийн сүүлийн өдөр, гэхдээ дараа нь нэгдүгээр сарын 1-нд шинэ хуанли эхэлдэг шиг шинэ үе эхэлж байгаа.
НАСА-гийн эрдэмтэд нь дэлхий сөнөх тухай бусад түгээмэл онолыг ч няцаажээ. Тухайлбал, манай гараг тэнгэрийн эрхэстэй мөргөлдөнө, наран дээр хүчтэй дэлбэрэлт болно, “гарагсын жагсаал” болсноор дэлхий сөнөнө гэснийг үгүйсгэжээ. Гарагс жагсах нь Нарны аймгийн тодорхой тооны гарагууд Нарнаас жишүү жижиг зурваст нэг эгнээнд орохыг хэлдэг одон орны үзэгдэл юм.
Одон орон судлаач, одон орны биологич зэрэг мэргэжилтнүүдээс бүрдсэн НАСА-гийн эрдэмтэд “Google”-ээр дамжуулан интернэт хэрэглэгч хүссэн хүн бүрт зориулан хэвлэлийн бага хурал хийж, дэлхий сөнөнө гэдэг нь оргүй хоосон яриа болохыг тайлбарлаж өгсөн билээ.
З.Амгалан