logo
Ерөнхий сайд Н.Алтанхуяг жижиг, дунд үйлдвэрийн талаар УИХ-д мэдээлэл хийлээ

Ерөнхий сайд Н.Алтанхуяг жижиг, дунд үйлдвэрийн талаар УИХ-д мэдээлэл хийлээ

2012/12/22

Шинэчлэлийн Засгийн газраас ард иргэдээ ажилтай, орлоготой болгох зорилтыг нэн тэргүүний бодлогоо болгон тодорхойлсон бөгөөд жижиг, дунд үйлдвэрийн асуудлыг ажлын байр бий болгож, орлогыг нэмэгдүүлэх асуудалтай нягт холбон хөгжүүлэх асуудлыг шинээр байгуулсан Хөдөлмөрийн яам хариуцан ажиллаж байгаа.

Хөдөлмөрийн сайдын тушаал өнгөрсөн сард гарч иргэн, аж ахуйн нэгжийн зээлийн эрэлттэй уялдуулан хөнгөлөлттэй зээлийн төслийг шинээр зохион нийт 214.4 тэрбум төгрөгийн санхүүжилттэй 285 төсөл хүлээн авсан. Ирсэн нийт төсөлд үнэлгээ, судалгаа хийж шаардлага хангаагүй 32 төслийг хасч, 253 төслийг Төсөл сонгон шалгаруулах комиссын хурлаар хэлэлцэн нийт 69.8 тэрбум төгрөгийн санхүүжилт бүхий 103 төслийг дэмжээд байгаа гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэллээ.

 

Эдгээр төслүүдийг хэрэгжүүлснээр 57 үйлдвэрт өргөтгөл хийн, 46 үйлдвэр шинээр бий болж, 840 ажлын байр хадгалагдан үлдэж, 2766 ажлын байр шинээр бий болох юм.

Шинэчлэлийн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилтын хүрээнд Сум хөгжүүлэх сангийн эх үүсвэрт дахин 24.0 тэрбум төгрөгийг 21 аймгийн 330  сумдад олгоод байгааг дурдлаа.  

Жижиг, дунд үйлдвэрийн ангиллыг тодорхой болгох чиглэлээр Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, уул уурхайн салбарт хэрэгжиж байгаа төслүүдэд үндэсний аж ахуйн нэгжүүд давуу эрхээр бараа, ажил, үйлчилгээ нийлүүлэх, туслан гүйцэтгэгчээр ажиллахтай холбогдсон эрх зүйн орчныг чиглэлээр ажиллаж байна гэж Засгийн газрын тэргүүн хэллээ.

 Ерөнхий сайд Н.Алтанхуяг мэдээлэл хийснийхээ дараа УИХ-ын гишүүдийн асуултад дэлгэрэнгүй хариулт өглөө гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах  албанаас мэдээллээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш