Гадаадаас 2013 онд авах ажиллах хүч, мэргэжилтний эзлэх хувийг тогтоох тухай болон улсын хэмжээний томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, барилга байгууламж барихад шаардагдах гадаадын ажиллах хүч, мэргэжилтний хөдөлмөр эрхлэх хугацааг сунгах тухай хэлэлцээд Засгийн газрын тогтоол гаргахаар тогтлоо.
Гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах байгууллага нь тэднийг эрүүл мэндийн урьдчилсан үзлэгт оруулж, шаардлагатай шинжилгээ оношилгоо хийлгэх талаар тогтоолд тусгаж, энэ асуудлыг зохион байгуулахыг Эрүүл мэндийн сайд Н.Удвалд даалгалаа. Өмнө нь Засгийн газар хоорондын хэлэлцээртэй БНАСАУ-аас бусад орны ажиллах хүч, мэргэжилтэн эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагддаггүй байжээ.
2012 оны 11 дүгээр сарын 1-ний байдлаар манай улсад 103 орны 22284 гадаадын иргэн хөдөлмөр эрхэлж байгаагийн 70 хувь нь БНХАУ, 8 хувь нь БНАСАУ, 3 хувь нь ОХУ болон БНСУ, БНСВУ, АНУ, Австрали улсын иргэд тус бүр 2 хувийг эзэлж байна. Тэдний ажиллаж буй гол салбарууд нь барилга, уул уурхай олборлох үйлдвэрлэл, тээвэр ба агуулах, худалдаа, засвар, боловсруулах үйлдвэр, боловсролын салбар байна.
Засгийн газрын тогтоолоор 2012 онд 50 аж ахуйн нэгж байгууллага, гадаадын 31624 иргэнд хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгогдсоноос 10218 гадаадын иргэн манай улсад ирж ажилласан байна. Эдгээрээс 1404 иргэнийг ажлын байрны төлбөрөөс чөлөөлж, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд 11 дүгээр сарын 1-ний байдлаар гадаадын иргэдийн ажлын байрны төлбөр 51 тэрбум төгрөг төвлөрчээ.