3асгийн газрын 2007 оны 242 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах журам"-д Хууль зүйн сайд, Сангийн сайдын хамтарсан тушаалаар “Үнэлгээний комисс” байгуулах тухай заалт нэмж орууллаа. Дээрх сайдуудын томилсон албан тушаалтнаас гадна хохирогчдын төлөөллөөс орж ажиллах энэ комисс нь дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй хөдлөх эд хөрөнгийг дахин үнэлж, ердийн журмаар худалдан борлуулах ажлыг зохион байгуулна. Ингэснээр өнөөдрийг хүртэл сунжирч удаашраад байгаа төлбөр барагдуулах ажиллагаанд ахиц гарна гэж үзэж байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Банк, хадгаламж, зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба нь шүүхээс 26 хадгаламж зээлийн хоршооны 8301 хохирогчтой 72.4 тэрбум төгрөгийн төлбөртэй гүйцэтгэх хуудас хүлээн авч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа юм. Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах тухай хуулийн дагуу хохирогчдын хохирлын 50 хувийг төрөөс олгосон ба энэ ажил 99.2 хувьтай гүйцэтгэгдээд байна. Одоо худалдан борлуулах боломжтой гэж үзсэн 20 тэрбум төгрөгийн үнэлгээтэй хөрөнгөнөөс 16 тэрбум төгрөгийн хөрөнгийг худалдан борлуулах буюу Төрийн өмчийн мэдэлд шилжүүлсэн байна.