Монгол Улсаас Бүгд Найрамдах Польш Улсад суугаа Элчин сайдын яам Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдрийг тохиолдуулан Варшав хотноо энэ сарын 19-нд баярын хүлээн авалт зохион байгуулав.
Элчин сайд А.Ганбаатар уг арга хэмжээг нээж үг хэлэхдээ 1911 онд Монголын ард түмэн гарал үүсэл, нийгмийн байр сууриас үл хамааран эрх чөлөөнийхөө төлөө нэгдэн тэмцэж, тусгаар тогтонолоо сэргээснийг онцлон тэмдэглэлээ. Мөн 1989 оны 12 дугаар сард Монголын ардчиллын үзэл бодолтой эрх орончид эрх чөлөө, ардчиллын төлөө тэмцэсний дүнд коммунист тогтолцоог халж, ардчилсан засаглалыг тогтоон эрх чөлөөгөө дахин олж авсныг цохон тэмдэглэв.
Эдүгээ Монгол Улс дэлхийн 161 оронтой дипломат харилцаа тогтоож, нээлттэй, бие даасан гадаад бодлого баримталсаар ирсний зэрэгцээ Ардчилсан орнуудын Хамтын Нийгэмлэгийг даргалж дэлхий даяар ардчиллыг бэхжүүлэх үйлст өөрийн хувь нэмрээ оруулж буйг Элчин сайд онцоллоо.