logo
Засгийн газрын хуралдаанаар бодлогын чанартай хэд хэдэн асуудал шийдвэрлэлээ

Засгийн газрын хуралдаанаар бодлогын чанартай хэд хэдэн асуудал шийдвэрлэлээ

2012/12/24
Засгийн газрын ээлжит хуралдаан 2012 оны 12 дугаар сарын 22-ны бямба гарагт болж, 30 гаруй асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.
  • - Төрийн захиргааны байгууллагуудыг түшиглэн ажилладаг Гамшгаас хамгаалах улсын албадыг шинэчлэн байгуулах тухай Засгийн газрын тогтоол гаргахаар боллоо. Зарим яамны нэр, чиг үүрэг өөрчлөгдсөнтэй холбогдуулан болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх, хамгаалах, хор хохирлыг арилгах чиглэлээр ажилладаг орон тооны бус дээрх албадыг шинэчлэн зохион байгуулах шаардлага тулгарсан байна.  Өнөөдрийн шийдвэрээр өмнө ажиллаж байсан 11 албыг хэвээр батлан, нэмж Уул уурхайн алба, Хүн ам, нийгмийн хамгааллын алба байгуулахаар тогтлоо. Улсын албадын үйл ажиллагааг уялдуулан зохицуулж, удирдлагаар хангах үүргийг Шадар сайд Д.Тэрбишдагва хариуцан ажиллана.
  • - Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны дэргэдэх “Байгаль хамгаалах сан"-гийн зохион байгуулалт, орон тооны хязгаарыг баталлаа. 1998 онд Засгийн газрын 188-р тогтоолоор Байгаль хамгаалах сан анх байгуулагдсан ба улсын төвлөрсөн төсвийн бүрэлдэхүүн хэсэг болдог. Энэ санд байгалийн нөөц ашигласны төлбөр, тусгай хамгаалалтай газар нутагт жуулчлал эрхлэх эрхийн бичиг олгосны хураамж, ус бохирдуулсны төлбөр төвлөрдөг юм.
  • - Гаалийн албан татвар болон нэмэгдсэн өртгийн албантатвараас 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хуртэлх хугацаанд чөлөөлөгдөх жижиг, дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн жагсаалтад нэмэлт оруулахаар тогтлоо.
  • - Шинэ жилийн баяраар иргэдийн ажил, амралтыг зөв зохицуулах зорилгоор 12 дугаар сарын 31-ний даваа гарагийн ажлын өдрийг 2013 оны 1 дүгээр сарын 5-ны бямба гарагийн амралтын өдөрт шилжүүлэхээр болов.
  • - "Төрийн сангийн үйл ажиллагааны журам" батлах тухай Засгийн газрын тогтоолын төслийг хянан хэлэлцээд дэмжих нь зүйтэй гэж үзлээ. Энэ журмыг батлан мөрдүүлж эхэлснээр төсвийн байгууллагын санхүүгийн сахилга бат, хяналт сайжирна гэж үзэж байна.
  • - Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо.
  • - “Дайнд оролцсон ахмад настнуудын талаар авах зарим арга хэмжээний тухай" Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2008 оны 170 дугаар зарлигийн дагуу орон сууц авч амжаагүй байгаа ахмад дайчинд орон сууцны дэмжлэг үзүүлэх зорилгоор 35  сая төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тусламжийг 30 ахмадад олгох тухай асуудлыг хэлэлцээд Засгийн газрын тогтоол гаргахаар тогтов. Энэ ажлыг ирэх 2013 оны эхний хагас жилд багтаан зохион байгуулахтай холбогдуулан ахмад дайчдыг бүртгэж “Байлдаанд оролцогчдын үнэмлэх" олгож дуусгахыг Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэд даалгалаа.
  • - Гаалийн ерөнхий газрын орлогч даргаар Ц.Уугангэрэл, н.Энхцогт нарыг, Татварын ерөнхий газрын орлогч даргаар Г.Энхболдыг тус тус томиллоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш