Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэг өнөөдрийн /2012.12.24/ ээлжит хуралдаанаа хийлээ. Энэ өдрийн хурал энэ оны хамгийн сүүлийн хурал гэдгээрээ онцлог байв. Тэр ч утгаараа бүлгийн гишүүд энэ оны ажлаа дүгнэхийн зэрэгцээ ирэх онд хийх ажлуудынхаа хийх талаараа санал бодлоо солилцов. Улсын Их Хурлын 2012 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан Ардчилсан намын бүлэг өнгөрсөн дөрвөн сарын хугацаанд 2013 оны амин чухал асуудлыг шийдвэрлэх гол хуулийн төслийг санаачилж, ирэх оны эдийн засгийг өөд нь татах, иргэдийнхээ амьжиргааг зөв чиглүүлэх, ажлын байртай байлгах бүтээн байгуулалтын хууль тогтоомжийг баталж чадсанаараа онцлог байлаа гэж гишүүд санал нэгдэв. Өнгөрсөн дөрвөн сарын хугацаанд 186 хууль, тогтоолыг баталжээ.
2013 он Ардчилсан намын бүлгийн хувьд их ажлын жил байх болно хэмээн бүлгийн гишүүд үзэв. Тиймээс ирэх онд хоосон улстөржихөөс илүүтэй бодлого, оюунаараа өрсөлддөг талбар руу явах нь зүйтэй хэмээн санал нэгдэв. Өнгөрсөн долоо хоногт УИХ-аас УИХ-ын тухай болон Дэгийн тухай хуулийг баталсан явдал нь хамгийн чухал алхмын нэг болсон. УИХ дахь МАН-ын гишүүд албан ёсны бүлэгтэй болсонд баяр хүргэх ёстой гэсэн байр суурьтай байлаа. Төрөө төвшин, ард олноо амгалан байлгахад улс төрийн намууд бодлогоороо уралддаг энэ чиглэл рүү маш түлхүү явах хэрэгтэйгээс гадна ирэх оноос эхлэн Төрийн эрхзүйн шинэчлэлийг хийхэд анхаарлаа хандуулж ажиллана хэмээн бүлгийн гишүүд санал нэгдэв.
Бүлгээр хэлэлцсэн хоёр дахь асуудал нь Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Шүүхийн шинэтгэлийн тухай, Шүүгчдийн орон тоог батлах тухай багц хуулийн төсөл байв. Уг хуулийн төслийн танилцуулгыг Хууль зүйн сайд Х.Тэмүүжин хийсэн бөгөөд бүлгийн гишүүд “Төслийг байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй” хэмээн санал нэгдсэн юм.
Үүнээс гадна Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хурлаар хэлэлцэн баталтал цаг хугацаа шаардана. Тиймээс Ерөнхийлөгчөөс санаачлан УИХ-аас баталсан лиценз олголтыг түр зогсоох тухай хуулийн хэрэгжих хугацааг дахин сунгах ёстой гэсэн зарчмын байр суурь энэ өдрийн хуралдаанд оролцсон бүлгийн гишүүд гаргав. Учир нь дээрх хуулийн хэрэгжих хугацаа 2013 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөр дуусгавар болох гэж байгаа тул шинэ оноос урьтаж дээрх хугацааг сунгах зарчмын шийдэлд хүрлээ.
Бүлгийн хуралдаанд Ерөнхий сайд Н.Алтанхуяг цаг үеийн асуудлаар мэдээлэл хийв.