logo
Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүнийг дэлхийд брэнд болгохын төлөө хоршоолж ажиллана гэж Ерөнхий сайд хэллээ

Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүнийг дэлхийд брэнд болгохын төлөө хоршоолж ажиллана гэж Ерөнхий сайд хэллээ

2012/12/25

Шинэчлэлийн Засгийн газраас хөдөө аж ахуйн талаар баримталж буй бодлого, тэр дундаа сайн дурын үндсэн дээр зохион байгуулагдсан малчдын хоршоог хөгжүүлэхийн ач тусыг сурталчлах, тулгамдсан асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэх арга замыг хамтран тодорхойлох зорилго бүхий “Малчдын хоршоо-шинэ бодлого” улсын зөвлөгөөн Төрийн ордонд боллоо.

Сайн малчин гэдэг бол шилдэг бизнесмэн. Мал аж ахуй эрхэлж байгаа хүмүүс маань малынхаа бүтээгдэхүүнийг яаж зах зээлд гаргаж борлуулах, ашиг шимийг нь хэрхэн нэмэгдүүлэх, хашаа хороогоо хэрхэн зөөврийн болгох вэ гэхчлэн ямагт шинийг эрэлхийлж байдаг амин тэжээлч, арга сүйхээтэй хүмүүс. Ийм хүмүүсээ сонсох, тэднээс зөвлөгөө авах, ажлын арга ухаанаасаа харилцан сурах, яаж хамтарч, хоршоолж ажиллавал зүйтэй вэ гэдгийг томъёолох энэ зөвлөгөөнд нутаг орноосоо зорьж ирсэн малчид, хоршоологчдод Ерөнхий сайд Н.Алтанхуяг  талархал илэрхийлээд дэмжиж ажиллана гэж хэллээ.

Ноос, ноолуур, арьс ширээ боловсруулж, хамгийн сайн чанартай гутал, хувцас хийж дэлхийд брэнд болгож чадах улс орон бол Монгол. Шинэчлэлийн Засгийн газар ийм бодлого барьж ажиллаж байгаа. Зөвхөн уул уурхай биш хөдөө аж ахуй зэрэг салбараа зэрэгцүүлэн хөгжүүлэх учиртайг Засгийн газрын тэргүүн хэлсэн үгэндээ тэмдэглэж байлаа.

Зарим хүмүүс малчдаас татвар авах нь зүйтэй гэдэг. Шинэчлэлийн Засгийн газар татвар авах биш, харин бүтээгдэхүүний чанарыг дээшлүүлэх, “чулуу болгоход” анхаарч, ийм санал санаачилгыг дэмжиж ажиллана гэдгийг тэрбээр онцлоод малчид маань айл саахалтаараа, ах дүү хамаатан саднаараа хамтарч, хоршоо байгуулан ажиллах нь зүйтэй юм гэж зөвлөлөө. 

Засгийн газар  Сум хөгжүүлэх сан тус бүрт энэ 2012 онд 50 сая төгрөг өгсөн. Энэ сангийн хөрөнгийг цаашид тогтмол нэмэгдүүлнэ, ингэснээр сумын хэмжээнд үйлдвэрлэл эрхлэх боломж бүрдэнэ. Шинэчлэлийн Засгийн газар орон нутгийг бүсчилж биш аймгийн төв бүрийг хөгжүүлэх зорилт тавьж ажиллаж, аймаг бүрт иж бүрэн оношилгооны төв байгуулах, битүү зах барих, 21 аймгийн төвийг 2016 онд хатуу хучилттай авто замаар холбож дуусгах зэрэг ажлыг эхлүүлээд байгаа талаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг ярилаа. 

“Малчдын хоршоо-шинэ бодлого” улсын зөвлөгөөнд малчид, хоршоологчдын 700 гаруй төлөөлөл, аймаг, сумын Засаг даргын Тамгын газар, УИХ, Засгийн газрын гишүүд, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг холбоод, төрийн бус  болон олон улсын байгууллагын  төсөл, хөтөлбөрийн ажилтнууд зэрэг нийт 800 гаруй хүн оролцлоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш