Жендэрийн үндэсний хорооны 2012 оны ээлжит хурал Төрийн ордонд боллоо. Хурлыг Ерөнхий сайдын ахлах зөвлөх, тус хорооны орлогч дарга Л.Гансүх удирдан явуулсан юм. Засгийн газрын 2012 оны 98 дугаар тогтоолоор Жендэрийн үндэсний хорооны бүрэлдэхүүнийг шинэчилж, ингэснээр хороог Ерөнхий сайд Н.Алтанхуяг ахлан, төрийн болон иргэний нийгмийн салбар бүрийн байгууллагын удирдах 24 албан тушаалтан бүрэлдэхүүнд ажиллаж байна.
Энэ удаагийн хурлаар хорооны шинэчилсэн бүрэлдэхүүнийг танилцуулж, 2012 оны үйл ажиллагааны тайланг дүгнэн 2013 оны төлөвлөгөө баталсны зэрэгцээ Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, түүнийг хэрэгжүүлэх дөрвөн жилийн стратеги төлөвлөгөөг хэлэлцлээ.
Дэлхийн бүх улс оронд 21 дүгээр зуунд найман чухал асуудлыг шийдэхээр НҮБ-аас уриалга гаргаж, зорилт дэвшүүлсний нэг нь эрэгтэй эмэгтэй хүмүүсийн тэгш эрхийг нийгмийн бүх түвшинд хангах зорилт юм. Ийм учраас бүх орны Засгийн газар энэ чиглэлд тодорхой бодлого гарган ажиллаж байгаа ба манай орон ч энэ жишгээр 2011 онд Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг батлан гаргасан. Хуулийг 2013 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөж эхэлнэ. Хуулийн дагуу төрийн захиргааны төв болон орон нутгийн захиргааны байгууллагад ажиллагсдын хүйсийн тэнцвэртэй байдлаа 2 дугаар сарын 10-ны дотор тайлагнах үүрэг хүлээнэ. Иймд УИХ-ын болон орон нутгийн сонгуулийн дараа томилгоонууд хийгдэж буй энэ үед дээрх үүргийг нь сум, дүүрэг, нийслэлийн удирдлагуудад сануулах нь чухал байгааг хорооны хурлаар онцлон дэвшүүлж байв.
Хорооны өнөөдрийн хурлаар хэлэлцсэн Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг хэрэгжүүлэх дунд хугацааны стратегийн баримт бичгийг төслийг Засгийн газрын хуралдаанаар оруулан батлуулахаар шийдвэрлэсэн юм. Жендэр буюу нийгмийн хүйсийн тэгш байдлыг бүх түвшинд хангах харилцааг зохицуулсан 6 бүлэг, 27 зүйлтэй дээрх хуулийг хэрэгжүүлэхэд Засгийн газар, холбогдох бүх шатны байгууллагын хүлээх үүрэг, 2012-2016 онд хэрэгжүүлэх ажлыг энэ төлөвлөгөөнд нарийвчлан тодорхойлсон байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.