logo
ГИХАЭГ ирэх онд хариуцлагын тогтолцоог дээшлүүлж, цахим суурьтай байгууллага болно

ГИХАЭГ ирэх онд хариуцлагын тогтолцоог дээшлүүлж, цахим суурьтай байгууллага болно

2012/12/25
 Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газар  12 дугаар сарын 24-28-ны өдрүүдэд хилийн боомт, орон нутаг дахь албаны албан хаагчдын цугларалтыг зохион байгуулж байна. Тус цугларалтаар  газрын энэ оны ажлыг дүгнэж, 2013 оны зорилтыг тодорхойлох юм.

     Энэхүү арга хэмжээг нээж ГИХАЭГ-ын дарга Б.Пүрэвдорж “Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх хүрээний шинэчлэлийн бодлогын  асуудлууд” сэдвээр илтгэл тавилаа. Мөн Хууль зүйн яамны Бодлогын хэрэгжилтийн газрын дарга О.Алтангэрэл “Монгол Улсын хууль зүйн шинэчлэл ба Гадаадын иргэн харьяатын асуудал”,  ГИХАЭГ-ын Тэргүүн дэд дарга Б.Цолмон “Байгууллагын цаашдын бүтэц, хүний нөөцийн менежмент”, Дэд дарга М.Мөнхбат “Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх хүрээний шинэчлэл дэх эрх зүйн асуудлууд” сэдвээр тус тус хичээл орлоо.

     ГИХАЭГ 2013 онд хариуцлагын тогтолцоог дээшлүүлж, авлигаас ангид, цахим суурьтай байгууллага болох зорилт дэвшүүлэв.

     Хууль зүйн салбарын шинэтгэлийн бодлогын хүрээнд тус байгууллага нь хэрэгжүүлж буй чиг үүргийн хувьд томоохон өөрчлөлт хийж иргэний харьяалал, гадаад шилжилт хөдөлгөөний асуудалд бүрэн хяналт тавьж, иргэдэд үзүүлэх үйлчилгээг шинэ түвшинд гаргахаар ажиллаж байна.

     Мөн Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газар нь хуулиар хүлээсэн чиг үүргийг хэрэгжүүлэх, улсын хилээр зорчигчдыг хөнгөн шуурхай шалган нэвтрүүлэх зорилгоор БНСУ-ын олон улсын хамтын ажиллагааны байгууллага “КОИКА”-тай 2013 оноос “Е-Immigration буюу Цахим шалган нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

     Түүнчлэн улсын хилээр нэвтэрч буй гадаадын иргэдэд хилийн боомтод баримт бичгийн давхар шалгалт хийгддэг төрийн байгууллагуудын үйл ажиллагааны давхардал, хуулийн хийдлийг арилгах, гадаадын иргэдийн шилжих хөдөлгөөнд тавих хяналтыг сайжруулах зорилгоор холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулахаар хуулийн төслийг боловсруулан Хууль зүйн яаманд хүргүүлээд байгаа юм.

     Арга хэмжээний үеэр Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын удирдлага дэлхийн жишигт нийцсэн нэг цэгийн төрийн үйлчилгээг иргэдэд хүргэхийн тулд юуны түрүүнд эрх зүйн болон дэд бүтцийн асуудлыг бүрэн шийдвэрлэх зорилт тавьж ажиллаж байгаагаа онцлов. Цугларалт  энэ сарын 28-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.

 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш