logo
Олон улсын гэрээ конвенцийг Эрүүгийн хуульд нийцүүлэхэд онцгой анхаарна

Олон улсын гэрээ конвенцийг Эрүүгийн хуульд нийцүүлэхэд онцгой анхаарна

2012/12/26
Хууль зүйн яам, Гадаад харилцааны яам, Хууль зүйн үндэсний хүрээлэн, “Монголын эмнести интернэшнл”-тэй хамтран “Ромын дүрмийн хүчин төгөлдөр болсны 10 жилийн ой: өнгөрсөн ба ирээдүй” семинарыг өнөөдөр /2012.12.25/ Хуульчдын танхимд зохион байгууллаа.

Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг уг арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Өнөөдөр дэлхийн 111 орон Ромын дүрмийн гишүүн болсон байна. Монгол Улс Олон улсын эрүүгийн шүүхийн дүрмийг 2002 онд соёрхон баталсан. Ромын гэрээнд нэгдсэн орсноор тухайн улс олон улсын эрүүгийн эрх зүйн жишигт дотоодын хууль, тогтоомжоо нийцүүлдэг. Хууль зүйн яам хууль зүйн шинэчлэлийн хүрээнд эрүүгийн тогтолцооны шинэчлэлийг эхлүүлж байна. Эрүүгийн хууль тогтоомжийг шинэчлэх чиглэлээр дотоодын эрдэмтэн судлаач, практик ажилтнуудыг оролцуулсан Эрүү, Эрүүгийн байцаан шийтгэх тухай гэх мэт 10 багц хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулан, хуулийн төслийн хэлэлцүүлгээ эхлүүлсэн. Ингэхдээ Монгол Улсын нэгдсэн орсон олон улсын гэрээ конвенцийг Эрүүгийн хууль тогтоомжид нийцүүлэхэд онцгой анхаарч байгаа юм” гэдгийг онцлов.

Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрэмд зааснаар олон улсын эрүүгийн эрх зүйн харилцаанд хэрэглэдэг сонгодог зарчим, гэмт хэрэгт хамтран оролцогч, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага, ялын төрлийг өөрчлөх, цаазаар авах ялыг халж бүх насаар нь хорих, хугацаатай хорих ялаар солих зэрэг заалтыг Эрүүгийн хуулийн төсөлд тусгаж байгаа юм байна. Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулинд Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрэмд, түүнд холбогдох долоон төрлийн журам, хууль зүйн баримт бичигт заасан хүний эрхийг хангах, нотлох баримт цуглуулах, үнэлэх, мэтгэлцэх, шүүхэд хэрэг маргааныг хянан шийдвэрлэхэд гарааны тэгш боломжоор хангагдах, ял оногдуулахтай холбоотой заалтуудыг тусгахаар ажиллаж байгаа аж.

Олон улсын эрүүгийн шүүхийн үндсэн баримт бичиг болох Ромын дүрмийг 1998 оны долдугаар сарын 17-нд баталжээ. Ромын дүрмийн дагуу олон улсын байнгын ажиллагаатай эрүүгийн хэргийн шүүх байгуулсан нь олон улсын эрх зүйд том шинэчлэлд тооцогддог юм байна. Харин өнгөрсөн жил Олон улсын эрүүгийн шүүхийн ерөнхийлөгч ноён Сонг Санг-Хюнг манай улсад айлчлахдаа Ерөнхийлөгчтэй уулзан Монгол Улс Ромын гэрээр анх баталсан орнуудын нэг. Тиймээс олон улсын эрүүгийн шүүхийн үйл ажиллагаанд санаачлагатай байдаг” гэдгийг онцолжээ.

“Ромын дүрмийн хүчин төгөлдөр болсны 10 жилийн ой: өнгөрсөн ба ирээдүй” семинарт Монгол Улсаас ИБУИНВУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайд Б.Алтангэрэл “Олон улсын эрүүгийн шүүх ба Монгол улсын оролцоо”, Хууль зүйн яамны Хууль сахиулах бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга Г.Оюунболд “Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрэм-Эрүүгийн эрх зүйн шинэтгэлд”, “Монголын эмнести интернэшнл”-ийн Гүйцэтгэх захирал Б.Алтантуяа “Олон улсын эрүүгийн шүүхийн өнгөрсөн 10 жилд гаргасан ололт амжилт, тулгамдаж буй асуудал” сэдвээр илтгэл тавив.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш