“Эмийн жор бичилтийг сайжруулж, зохистой хэрэглээг төлөвшүүлэхэд эмч, эм зүйчид хамтран ажиллаж туршлагаа солилцоё” сэдэвт мэргэжлийн ур чадварын II шатны уралдааныг Эрүүл мэндийн яам, НЭМГ, Монголын эм зүйчдийн нэгдсэн “Эм холбоо” ТББ хамтран 2012 оны 12 дугаар сарын 14-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгууллаа.
Тус уралдаан нь нийслэлийн 9 дүүргээс шалгарсан эмч, эм зүйч нарын мэргэжлийн ур чадвар, эм судлалын мэдлэгийг дээшлүүлэх, эмийн жорын маягт-жор бичилт MNS 5376:2011 стандартын хэрэгжилт, эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлэх, эмнэлгийн мэргэжилтний оролцоог сайжруулах зорилготой.
Эмийн жор бичилтийн стандарт, холбогдох хууль тогтоомжийн дагуу эмч, эм зүйч нараас шалгалт авч, эмийн зохистой хэрэглээний тандалт-сургалт-төлөвлөлт, иргэдэд эмийг зөв хэрэглэх дадал заншил эзэмшүүлэх “СБИА” аргыг өөрийн байгууллагад хэрхэн хэрэгжүүлж буй талаар гэрийн даалгавар, онол практикийн бага хуралд эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх талаарх илтгэлийг хэлэлцүүллээ.
Мэргэжил ур чадварын II шатны уралдааны шалгаруулалтын дүнгээр Баянгол дүүргийн эмч, эм зүйчдийн баг 1 дүгээр байр, Хан уул дүүргийн эмч, эм зүйчдийн баг 2 дугаар байр, Баянзүрх дүүргийн эмч, эм зүйчдийн баг 3 дугаар байрыг тус тус эзэлсэн.
Хан-Уул, Сүхбаатар, Баянгол, Сонгинохайрхан, Баянзүрх, Багануур дүүргийн 36 эмч, эм зүйч нарын баг, нийслэлийн эмийн сангийн 56 эм зүйч, эм найруулагч нар тус тус идэвхтэй оролцлоо.