Шинэчлэлийн Засгийн газрын иргэдээ сонсох, тэдний санал хүсэлтийг хүлээж авах 11 11 төвд ахмад настан Т.Бямбарагчаа, Н.Норжин нар хандаж “Нийслэлийн төвлөрөл, утааг багасгахад хувь нэмрээ оруулж орон нутагт амьдармаар байна. Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгон, Үнэгт багт шилжин суурьших хүсэлтэй ч санхүүгийн боломж тааруу байна. Иймд хүсэлтийг минь хүлээн авч энэ нутагт газар, гэр олгож өгнө үү” гэжээ. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Г.Дэнзэн эдгээр буурлуудыг хүлээн авч уулзахдаа ахмадуудынхаа санаачилгыг дэмжихээ илэрхийлээд тэдний хүсэлтийг шийдвэрлэж, ажил хэрэг болгоно гэлээ.
Ахмад багш, хүүхдийн зохиолч Тангадын Бямбарагчаа гуай энэ уулзалтын үеэр хүнд өвчин тусч, ядарч явсан тухайгаа яриад ийм үед Монгол орны минь унаган байгаль, цэвэр агаар хамгийн сайн эм гэдгийг мэдэрсэн. Ийм сайхан эх оронтой хүмүүс бид заавал энэ түгжрэл, нүүрсний утаанд амьдраад яах юм бэ. Орчныг нь бүрдүүлээд өгвөл ахмадууд бид орон нутагтаа амьдарч, эрүүл, зөв амьдралын хэвшлийг залуустаа уриалж, үлгэр үзүүлмээр байна гэж хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.